“Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар боллоо. Өчигдөр (2017.10.07) хуралдсан Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурлын гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг энэ албан тушаалд томилов. МЗЭ-ийн ээлжит их хуралд 285 төлөөлөгч оролцсон байна.
Дөрвөн жилд нэг удаа явагддаг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг гарч байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд оролцоогүй байна. Харин Д.Төрбат А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.