Хойд Солонгосоос Сөүл, Токиод үзүүлэх цөмийн цохилт хоёр сая гаруй хүнийг үхэлд хүргэж болзошгүй. Энэхүү мэдээллийг БНАСАУ-ын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чиглэлээр мэргэшсэн 38 North сайт гаргажээ. Пхеньян баллистик пуужинд зориулагдсан цөмийн цэнэгт 25 хошуутай, эдгээрийгээ бүгдийг нь нэгэн зэрэг Өмнөд Солонгос, Японы эсрэг ашиглана гэж шинжээчид тооцоолж, ийм дүгнэлт гаргасан байна. Цэнэгт хошууны хүчийг 15-250 килотонноор тодорхойлжээ. Тэдний гаргасан хамгийн муу хувилбараар бол нэгэн зэрэг 2.1 сая хүн амиа алдах бөгөөд цаашид 7.7 сая болж нэмэгдэх гэнэ.
Өнгөрсөн есдүгээр сарын Америкийн цэргийн шинжээчид АНУ, БНАСАУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн нөхцөлд түүний гол хохирогчид нь Өмнөд Солонгост аж төрж буй 20 мянга орчим энгийн номхон иргэд болно гэж тооцоолсон юм.
“Америкийн хэтэрхий олон иргэн Хойд Солонгостой хийх дайныг Ирак, Афганистан руу халдах, эсвэл Ливи, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулахтай адилхан зүйл гэж бодож байна. Гэвч энэ нь огт тийм биш юм” хэмээн Өмнөд Солонгост дөрвөн жил алба хаасан генерал Роб Гивенс мэдэгджээ.
Түүнчлэн өнгөрсөн сарын 26-нд Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, Америкийн генерал Жозеф Данфорд Хойд Солонгос улсыг АНУ-д цохилт үзүүлэх чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасагч баллистик пуужинг ойрын хугацаанд барьж чадна гэж мэдэгдсэн байна. Түүний үзсэнээр БНАСАУ өдгөө АНУ-д хамгийн том, хойшлуулшгүй аюул заналхийлэл учруулж эхэлсэн гэнэ.
Э.ЗАЯА