УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоныхоо дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.
Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.
Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.
Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.
“Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.
Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ
Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.
Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
“Иргэн баян бол улс баян” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.
Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.
Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.
Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.
Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.
Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.
Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.
Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.
Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.
Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.
Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.
Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.
Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ
4 comments
амжилт хүсье. Шудрага хариуцлагатай ил тод үйл ажиллаганд тань амжилт хүсье
Амжилт хүсье. Та чаднаа. Танд ард түмэн чинь итгэж байна. Дахин амжилт хүсье.
Ingehed hen tanii ami nasand haldaad,haldah geed baigaa yum be.Ta ooroo ooriinhoo ami nasiig l busniulah gesen huch baina geed zohiol bichij ooroo nairuulj ah duugee togluulaad baisan bizdee. Odoo eronhii said bolchihood yum l bol namaig alah talah gelee geed Battulaga ahiinhaa zovloh, har piarchin Baataraar hiilgeed baih yum bish bizdee
Tsaaduul n ajiliin hiilgehgui dee amjilt.bid itgej bgaa shuu