[starbox]
Стивен Крейг Пэддок. Энэ нэр нэг л өдрийн дотор дэлхийн хайлтын системүүдэд хамгийн их хайлттай нэр болон хувирчээ. АНУ-д галт зэвсэг хэрэглэн хамгийн олон хүнийг хөнөөсөн Лас-Вегасын алуурчны цаад шалтгаан нь юу байв. Тэрээр 58 хүнийг хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан юм.
Өнөөдөр Америк даяар дэлхийн хамгийн галзуу хотод юу болсныг ойлгохыг хичээж сууна. Хэний ч нүдэнд үл өртөх энгийн нэгэн тэтгэвэр авагч, ня-бо асан хүн яагаад армийн гар пулемёт авах болов?
Болсон явдлыг сийрүүлбэл доорх зураглал гарч ирнэ. 2017 оны есдүгээр сарын 28-нд нь 64 настай Стивен Пэддок нь найз бүсгүй болох 62 настай Мэри Лугийн хамт Лас-Вегаст ирж, “McCaran” нисэх онгоцны буудлаас хоёр алхмын зайд орших “Mandalay Bay” зочид буудлын 32 дугаар давхарт тансаг зэрэглэлийн өрөөнд буудаллажээ. Асар том, хүнд чемоданууд чирсэн хосыг зочид буудлын албан хаагчид ч нэг их анзаарсангүй. Чухам маргааш нь Лас-Вегаст “Route 91 Harvest” хэмээх муж бүрийн шүтэн бишрэгчдийг нэгэн дор цуглуулдаг кантри хөгжмийн наадам эхлэх байв.
Буудлын ажилтнууд дараагийн хоёр өдөр Стивен Пэддокийг дахиад хоёр чемодан өрөөндөө оруулахыг ч анзаарсангүй. Гэтэл тэрээр өрөөндөө АНУ-ын зэвсэгт армийнхны хэрэглэдэг M249 SAW гар шүршигч буу зэрэг найман ширхэг галт зэвсэг, түүнчлэн М16 армийн винтов буу, М110 хэмээх мэргэн буучийн чиргүүлтэй винтов буу зэргийг авч иржээ. Пэддокийн тооцоолсноор энэ өрөө нь Mandalay Bay Road-ээр наадмын талбайг хянах, буудлага хийх хамгийн тохиромжтой газар байлаа.
Түүнчлэн Пэддок автомат тоглоомын газарт хэдэн арван мянган ам.доллар үржээ. Ер нь ч тоглоом, зугаацлын нийслэлд ирсэн чинээлэг тэтгэврийн эрд өөр хийх юм юусан билээ?
2017 оны аравдугаар сарын 1-ний оройн 21:40 цагийн үед Стивен Пэддок пулемётын ээлжийн галаар зочид буудлын хоёр цонхыг хагалав. (“Mandalay Bay” зочид буудлын цонхыг нээх боломжгүй байдаг. Энэ нь казинод хожигдсон үйлчлүүлэгчид амиа егүүтгэхээс сэргийлэх зорилготой аж.) Ингээд доор цугласан үзэгчид рүү гал нээж эхэлжээ. Яг энэ үед тайзан дээр Жоржия мужийн кантри хөгжмийн од, наадмын гол анхаарлыг татсан хүмүүсийн нэг Жейсон Алдин 20 мянган хүний алга ташилт дор тайзан дээр гарч ирж байлаа.
Зочид буудлын дэргэд эгчтэйгээ зогсож байсан Моника Декерф “Бид шил хагарч буй чимээг сонсоод юу болоод байгааг мэдэх гээд дээш харсан. Харин дараа нь дарааллаад “Бах, бах, бах” гэх дуу гарсан. Би ч буун дуу байна гэдгийг тэр дор нь мэдсэн боловч энд, яг одоо юу гээд итгэж чадаагүй” хэмээн ярьжээ. Дууны техникийн ард сууж байсан дууны найруулагч Кодиак Яаззи эхний мөчид үзэгчдийн нэг нь наадамд тэсэрдэг тоглоом авч ирж гэж бодсон гэнэ. Дараа нь хүмүүс хашхиралдаж эхэлмэгц дуугаа намсгаж, Жеймс Алдин ч ямар нэгэн таагүй зүйл болсныг ойлгосон гэжээ. Залууч тайзны араас яаралтай тарах тухай заавар өгч байжээ. Энэ үеэр дууны техникийн ард нуугдсан Кодиак Яаззи Mandalay Bay цамхгийн цонхноос гэрэл гарч байгааг харсан байна. Түүний хэлснээр буудалцаан таван минут гаруйн хугацаанд үргэлжилсэн гэнэ.
Энэ хугацаанд Стивен Пэддок нөөцөндөө авсан бүх сумаа дуусгажээ. Магадгүй тэрбээр цагдаа нарыг үймээн, хашхиралдаан дунд өөрийг нь хаана байрлаж байгааг тогтоож чадахгүй гэж тооцоолсон биз. Бас буудлагын дараа үймсэн олон дунд зугтахаар төлөвлөсөн ч байж мэднэ. Гэвч тэр хөрштэй гэдгээ мартаж орхижээ.
Түүний хөршүүдийн нэг нь буун дуу хажуухнаас нь гарч байгааг мэдээд зочид буудлын ресепшн рүү, дараа нь цагдаагийн газар руу залгажээ. Тиймээс ч цагдаа нар алуурчин эрийг хаанаас буудаж байгааг нэгхэн минутын дотор олсон байна. Зочид буудлын захиргаа бүх цахилгаан шатыг зогсоож, өрөөний цахилгаан түгжээг цоожилж, Стивен Пэддокийг өрөөнөөсөө гарах гарцгүй болгожээ.
Гэхдээ SWAT цагдаагийн тусгай ажилтнууд хэргийн газарт ирж, зочид буудын 32 давхар руу явган өгсөж, тэсрэх төхөөрөмжөөр өрөөний хаалгыг эвдтэл дөрвөн цаг гаруйн хугацаа зарцуулсан аж. Харин аравдугаар сарын 2-ны шөнийн 02 цаг гэхэд Стивен Пэддок өөрийнхөө толгой руу гар буу онилж, амиа егүүтгэжээ.
Алуурчны найз бүсгүй гэгдэх Мэри Лу Дэнли хаа нэгтээ алга болжээ. Ажиглалтын камераас шүүхэд тэрбээр тэр орой зочид буудлаас гарч, Hyundai Tuscon машинд суугаад явсан аж. Хотын цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардогийн мэдээлснээр Дэнли хэдэн цагийн дараа саатуулагдсан гэнэ.
Аравдугаар сарын 02-ны шөнийн 03 цагийн үед алуурчин этгээд нэлээд хэдэн хүний аминд хүрсэн нь тодорхой болов. Харин өглөө гэхэд 58 хүн Стивен Пэддокийн суманд амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан нь тодорхой болж, Америкийг жинхэнэ донсолгожээ. Шархадсан хүмүүсээс нэлээд хэдийнх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид ч өсөж болзошгүй байна.
Гэмт хэрэгтнийг танихад хүндрэл гараагүй аж. Учир нь Стивен Пэддок өөрийнхөө бичиг баримтыг үзүүлж, зочид буудалд оржээ.
Хромон толгойтын хүү
Үнэндээ хувь хүнийх нь тухайд хариултаас илүү асуулт олон байна. Стивен Пэддок нь 1953 оны дөрөвдүгээр сард Аризона мужийн Тусон хотод төржээ. Түүний эцэг Бенжамин Хоскинс Пэддок нь алдартай мафийн гишүүн, банкны цуврал дээрэмчин байсан бөгөөд гялтганасан халзан толгойтой болохоор Хромон толгойт хочтой байжээ. Аав Пэддок нь 1969 онд Техасын холбооны шоронгоос оргож, Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад багтжээ. Түүний хувьд Техас мужийн Феникс дэх банкийг дээрэмдсэн хэргээр 20 жилийг ял аваад байсан юм.
Хромон толгойт Холбооны мөрдөх товчооны тагнуулчдаас зугтаж, найман жил шахам амьдарч байгаад 1978 онд Орегон мужид баривчлагджээ. Үүнээс хойш түүний эхнэр, дөрвөн хүүхэд 10-аад жилийн турш Холбооны мөрдөх товчооны тусгай жагсаалтад бичигдсэн юм.
Хромон толгойтын хүү Стивен Пэддок хэдэн сая америкаас огтхон ч ялгарахааргүй аж төрж байв. Ня-богийн боловсролтой тэрээр хэд хэдэн компанид аудитороор ажиллаж, Аляскт ангийн лиценз, ангийн карабин буу эзэмшин хэсэг амьдарчээ.
Харин 2003 онд хувийн нисгэгчийн зөвшөөрөл авч, хөнгөн нэг моторт онгоц барих эрхтэй болжээ. Эндээс харахад нягтлангийн уйтгартай, сонирхолгүй амьдрал түүнийг уйдааж байсан бололтой. Үүний дараа Пэддокийн амьдрал жинхэнээсээ нурж эхэлжээ. Тэрээр ажилгүй болж, эхнэр Николь нь бяцхан хүүхдээ аваад салсан байна.
Түүний төрсөн дүү Эрик Орландо эцэг эхтэйгээ хамт аж төрдөг. Тэрбээр “Стив жирийнээс жирийн залуу байсан. Бид хоорондоо нэг их харилцдаггүй, бие биеэ дэмжиж тусалдаггүй байсныг ойлгоорой. Тэр яг л солиорсон мэт юм хийжээ” хэмээн сурвалжлагч нарт ярьжээ. Эрикийн хэлснээр Стивений 90 настай ээж энэ үйл явдалд маш их цочирдсон гэнэ. Тэрбээр том хүүгээ эцгийнхээ замналаар ороод зогсохгүй АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүнийг хөнөөсөн алуурчин болно гэж зүүдлээ ч үгүй аж.
Тоглоомчин, заргач эр
Стивен сүүлийн долоон жилийн дотор хэд хэдэн удаа хаягаа өөрчилжээ. Тэрээр Калифорнид амьдарч байгаад Техаст ирж, тэндээсээ Флорида руу нүүсэн байна. Гольфод дурлагчдын клуб, өндөр настнуудын асрамжийн газар олонтой Мескит хотод усан сантай муугүй байшин худалдан авч, бүхнийг хаяад эргийн дэргэд жаргаж суух хүсэлтэй баян хөгшчүүдэд үйлчилдэг дотуур байрыг удирдаж эхэлсэн байна.
Тэрхүү дотуур байрны ажилтнуудын нэг нь 62 настай Мэри Лу Дэнли байлаа. Индонез гаралтай Австралийн иргэн гэх энэ эмэгтэй өөрийгөө “мөрийтэй тоглоом, казиногийн мэргэжилтэн” гэж нэрлэдгээс өөр тодорхой мэдээлэл олдохгүй байна. Гэхдээ Мэри л Стивенийг мөрийтэй тоглоомд оруулсан бололтой.
Пэддок, Дэнли нар хамтран амьдарч эхэлмэгцээ Лас-Вегасын казиногоор байнга үйлчлүүлэх болжээ. Үүнээс гадна Пэддок, Дэнли нар 2012 онд “Cosmopolitan Hotels&Resorts Inc.” зочид буудлыг шүүхэд өгч, хэдэн зуун мянган ам.доллар салгахыг оролдсоныг хүртэл сэтгүүлчид олж илрүүлсэн байна. Нэхэмжлэлээр бол Пэддок зочид буудлын үүдний танхимд нойтон шалан дээр хальтирч, дотоод бэртэл авсан гэнэ. Хоёр жил шахам үргэлжилсэн маргаан эцэстээ аюултай гэмтэл авсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэсэн шалтгаанаар цуцлагдсан юм.
Ерөнхийдөө хотын цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардогийн хэлснээр Пэддок нь бусдаас нэг их ялгарахааргүй, бүрэг даруу, хурд хэтрүүлсэн гэж хэд хэдэн торгууль төлснөөс өөр зөрчил гаргаж байгаагүй нэгэн байсан гэнэ. Түүний эцэг Хромон толгойт ч шууд л банкны дээрэмчин болоогүй. Үүнээс өмнө тэрээр Висконсинд автын механикчаар ажилладаг, энгийн л нэгэн залуу байжээ.