Улс төр

Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд ажлын айлчлал хийж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Л.Элдэв-Очир нар энэ сарын 09-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2017.03.09/ Сеймийн дэд маршал Рышард Терлецки, Сенатын дэд маршал Мария Коц нарт бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

БНПУ-ын Сеймийн Маршал Марек Кухчински, Сенатын Маршал Станислав Карчевски нарыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг УИХ-ын дарга М.Энхболд урьсныг энэ үеэр уламжилж, урилгыг гардуулсан байна.

УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ. Мөн парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг онцлоод парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах, Тамгын газруудын шугамаар ажилтнууд солилцох, сургах, дадлагажуулах чиглэлээр мөн хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлсэн байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас нөхцөлт тусламжийн зээл /tied aid/ авах хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээр, Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг энэ оны 03 дугаар сард багтаан эцэслэн шийдвэрлэх асуудлаар талууд санал солилцжээ.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close