Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулжээ.
Уг арга хэмжээ хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.
Нэгдсэн арга хэмжээний “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, нэг тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог давуу тал нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, САМО институт, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаас оролцож өөрийн байгууллагын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг сурталчлан оролцсон юм.
Мөн Монголын зөгийчөд, зөгийн аж ахуй түүнээс гарч буй бүтээгдэхүүн болох Монгол зөгийн балыг өргөнөөр танилцуулсан нь зохион байгуулагч болон хэрэглэгчдийн хувьд шинэлэг болж өнгөрлөө.
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”, “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг, “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш шалгарлаа.
Харин “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах” бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.
Мөн энэ жилээс эхлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “Гран при” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд “Шимт газар” ХХК “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “Гран при” шагналын эзэн боллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ