Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ

2017-10-03 10:12
цагдаа

Замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр (2017.10.03) Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Түүнд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүдэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр хэрэг тулгаж буй. Хуулиараа 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй ажээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир цагдаад гомдол гаргажээ

“Саранфинанс” ББСБ-ын захирал Ц.Баярцогтын Замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж, татаж байсан тамхиныхаа утааг нүүр рүү нь үлээж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйд Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад тавигдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Харин Л.Элдэв-Очир гишүүн Сүхбаатар дүүрийг цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан байна. Түүний гаргасан гомдлын дагуу худал мэдээлэл олон нийтэд тараасан мэдээллийн сайтуудыг зөрчлийн хуулиар шалгаж эхэлжээ.

Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гаргасан цагдаа нарыг шалгаж байна

Мөн өнгөрсөн сарын 21-нд Ц.Баярцогтыг зөрчил гаргасан хэмээн үзэж, Сүхбаатар дүүрийг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хийсэн аж. Гэвч цагдаагийн томоохон албан тушаалтнууд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нарт үүрэг даалгавар өгч, Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гарган явуулсан гэнэ. Үүнийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа болон тухайн өдрийн жижүүрийн ахлагчийн үүргэ гүйцэтгэж байсан цагдаа нараас мэдүүлэг авч эхэлжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гаргаж явуулахад цагдаагийн энр нөлөө бүхий гурван хурандаа оролцсон гэнэ. Үүнийг эцэслэн шалгаж тогтоох юм байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”