[starbox]
Каталоны бүх нийтийн санал хураалт таагүй асуудал үүсгэнэ гэж зөвлөж байсан нь үнэн байжээ. Ард иргэд өөрийнхөө санал бодлыг илэрхийлэх гэсэн биш эмх замбараагүй байдал, зодоон цохион болж, тэр ч бүү хэл резинэн сумтай буугаар хүртэл буудалцахад хүрчээ. Энэ тухай “Лента”-д хэрхэн мэдээлснийг хүргэе.
Каталончууд эрх чөлөөг сонголоо
Орон нутгийн захиргааны хамгийн эхэнд хүргэсэн мэдээллээс үзэхэд 5.3 сая сонгогчоос 2.3 сая нь саналаа өгч, 90 хувь нь тусгаар тогтнохыг дэмжжээ. Каталоны тэргүүн Карлес Пучдемон мужийн иргэдээ өөрийнхөө улсыг байгуулах эрхээ эдэллээ хэмээн мэдэгдсэн байна. “Биднийг сонсож, биднийг хүндэтгэж, биднийг хүлээн зөвшөөрүүлэх гавьяатай. Бид өөрсдөө сайн дураараа ирээдүйгээ сонгосон. Бидэнд эрх чөлөөтэй, амар тайван амьдрах эрх бий” хэмээн мэдэгджээ.
Испанийн засаг захиргааны санал асуулгын үр дүнг зөвшөөрсөнгүй
Мадридаас бүх нийтийн санал хураалтыг хууль бус хэмээн зарлажээ. “Бүх нийтийн санал хураалт өнөөдөр болоогүй. Өнөөдөр бүх испаничууд хуулийн эрх мэдэл хүчтэй, бодит болохыг харлаа. Бас эрх зүйт улсын үндсийг малтах гэсэн хүмүүсийг хууль хориглож хязгаарладаг болохыг үзлээ. Хуулийн эрх мэдэл нь хууль ёсны аргаар явагддаг, өдөөн хатгалгад хариу барьдаг, үүнийгээ үр дүнтэй, тайван байдлаар хийдэг” хэмээн Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгджээ.
Испанийн засаг захиргаа бослого гарсан мужид Иргэний гвардийн хүчнийг явуулжээ. Тэд ард иргэдийг саналаа илэрхийлэхэд ямар нэгэн аргаар саад хийж, хүчнийхэн, санал өгөгчид мөргөлдөх үе резинэн сумтай буу хүртэл хэрэглэж байлаа. Мөргөлдөөнд 840 гаруй хүн өртсөн юм.
Гадаадын улстөрчид Испанийн нэгдмэл байдлыг дэмжиж байна
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг улстөрчид Испанийн нэгдмэл байдлыг дэмжиж байгаа юм. Европын холбооны удирдлагууд ч Каталоныг салан тусгаарлавал Европын холбоонд автоматаар гишүүнчлэл олгогдохгүй гэж тэмдэглэжээ.
Харин бүх нийтийн санал хураалтын дараа Меркель Рахойгоос яагаад ардчилсан улсын цагдаа нарсонгогчдод ийм харгис хатуу хандаж байгаад тайлбар тавихыг шаардсан байна. Испанийн Засгийн газар харин нөлөөлөх арга хэмжээгээ хүмүүст бус, зөвхөн санал авах материалууд болох саналын хуудас зэрэгт л авсан гэжээ.
Пучдемон саналын үр дүнгээ парламентад танилцуулна
Каталоны тэргүүн Карлес Пучдемон бүх нийтийн санал хураалтын үр дүнгээ орон нутгийн парламентдаа танилцуулна гэж амлажээ. Харин парламентаас тусгаар тогтнох тухай шийдвэрийг хоёр хоногийн дотор гаргах ёстой. Энэ нь тус улсын улс төрд томоохон хямрал авч ирэх төлөвтэй байна. Харин Испанийн Ерөнхий сайд Рахой Каталонтой хуулийн дагуу яриа хэлэлцээр хийнэ гэдгээ амлажээ.
Каталончуудын тухай
Каталончуудыг “Европын курдууд” хэмээн нэрлэж болно. Харин ялгаатай тал нь тэдэнд Андорра хэмээх бяцхан улс бий. Сонирхолтой нь Иракийн Курдистанд тусгаар тогтнох тухай санал асуулга өрнөснөөс хойш долоо хоногийн дараа Каталонд ийм санал хураалт боллоо.
Ерөнхийлөгч Карлос Пучдемон тэргүүтэй Каталоны одоогийн эрх баригч эвсэл Испаниас тусгаарлах ажлыг алгуурхан хийж эхэлсэн юм. Тус эвсэл нь барууны үндэстнүүд, орон нутгийн социалистууд, радикал зүүнийхэн CUP гээд олон үзэлтнүүдийг нэгдэл ч эдгээр нам нь дотроо “Каталон улс тусгаар тогтнох ёстой” гэсэн ижил хөтөлбөрүүдтэй.
Аравдугаар сарын 1-нд болсон бүх нийтийн санал хураалт нь тухайн үедээ мөн л бүх нийтийн санал хураалт гэгдэж байсан бүх ард түмний асуулгаас гурван жилийн дараа болж байгаа юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 9-нд болсон тус санал асуулга илүү тав тухтай нөхцөлд 40 хүрэхгүй хувийн ирцтэйгээр явагдсан. Гэвч сонгогчдын 82 хувь нь Каталоны тусгаар тогтнолыг дэмжжээ.
Харин энэ удаад Мадрид тайван санал өгөх боломж олгосонгүй. Нийслэлээсээ Иргэний гвардийн хэсгийг явуулсан нь энэ аж. Нутгийн иргэд гвардийнханд найрсаг бус хандсан учраас тэд Барселон, Таррагоны ойролцоо хөлөг онгоцонд байрлахаас өөр аргагүй болжээ. Мадридаас ийнхүү гвардийнхныг тавьж явуулсан нь ч ойлгомжтой. Каталоны цагдаа нар салан тусгаарлагчидтайгаа эвтэй нь аргагүй аж төрдөг төдийгүй тэднийг ч дэмждэг аж.
Бүх нийтийн санал хураалт болохоос өмнө хоорондоо тэмцэгч талууд бие биеэ ямар тактик барьж ажиллахыг сайн мэдэж байлаа. Тухайлбал, Испаниас явуулсан гвардийнхан л гэхэд санал хураах газраар явж, эхний сонгогч ирэх, санал хураалт болохоос өмнө хуудсыг нь хураан авах ёстой байв. Харин үүнийг эсэргүүцэх зорилгоор бүх нийтийн санал хураалтыг дэмжигчид бямба гарагийн оройноос санал авах байрны дэргэд цугларчээ.
Ням гарагийн өглөө гвардийнхан саналын хэд хэдэн байранд дайрч орсон байна. Энэ үеэрээ тэд сонгогчдыг бороохойгоор зоджээ. Гвардийнхан тухайн орой санал хураах 2000 гаруй байрнаас дөнгөж 92-ыг нь л хааж дөнгөжээ.
1 comment
Дэлхийн хүмүүс тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байхад муу эргүү монголчууд тусгаар тогтнолоо юман чинээ тоохгүй суугаа нь Монголын эмгэнэл юм даа