Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцормогц Өмнөд Солонгосын Сонгуулийн төв комисс ээлжит бус сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн гэж “Рёнхап” агентлаг мэдээлэв. Тус комисс цахим хуудастаа нэр дэвшигчдийн өрсөлдөх журмыг нийтэлсэн байна.
Ээлжит бус сонгууль ирэх тавдугаар сард болно. Энэ нь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг өмнөх Ерөнхийлөгчийг огцорсноос хойш 60 хоногийн дотор зохион байгуулна гэж заасан хуулийн заалттай холбоотой аж.
Тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль уг нь хугацаа ёсоор энэ оны арванхоёрдугаар сард явагдах байсан бөгөөд Пак Гын Хэгийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусах ёстой байв.
Сонгуульд өрсөлдөх магадлалтай улстөрчдийг өмнөх сонгуульд Пак Гын Хэд маш бага хувиар ялагдсан Ардчилсан намын дарга асан Мун Жэ Ин болон Чунчон Намдо мужийн захирагч Ан Хи Жон, Соннам хотын дарга Ли Жэ Мён, Ардын намын гишүүн Ан Чоль Су нар нэрлэгдэж байгаа аж.