2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 498 нэр дэвшигч оролцсон. Тэдний 386 нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу холбогдох төрийн байгууллагуудад ирүүлжээ. Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулсан хөрөнгө 26.010.9 сая төгрөг болсон байна.
Мөн улстөрийн 11 нам, хоёр эвсэл нийт 8.363.9 сая төгрөг төвлөрүүлж 8.349.3 саяыг нь сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулжээ. Нийлбэр дүнгээр УИХ-ын сонгуульд зарцуулсан нам, эвсэл, нэр дэвшигчдийн хөрөнгө 34 тэрбум 360.2 сая төгрөгөөр тоологдож байна.
2016 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн зардалд Нэлттэй нийгэм форум, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр мониторинг хийж дээрх тоон баримтыг гаргажээ.
2012 оны УИХ-ын сонгуулиар нэг сонгогчид ногдох сонгуулийн зардлын хэмжээ хамгийн өндөр байсан бол 2016 онд харьцангуй буурсан гэнэ. Энэ нь 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдсантай холбоотой. Учир нь тухайн үед 11 нам, эвсэл, 544 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөн ч 190 нь намын жагсаалтаар нэр дэвшиж байсан гэж мониторинг хийсэн газрууд хэлж байна.
Сонгуулийн санхүүжилтийн мониторинг хийсэн багт Баянзүрх дүүргийн 49, 53, Сүхбаатар дүүргийн 60, 61, Төв аймгийн 30, Өмнөговь аймгийн 20, 23 дугаар тойрогт нийт 50 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 23-ынх нь зардлын тайлангийн дэлгэрэнгүй мэдээлэл ирсэн байна. Нэр дэвшигчдийн зардлын дансанд төвлөрүүлсэн нийт хөрөнгө 1.5 тэрбум орчим төгрөг байжээ. Энэ мөнгөний 70 гаруй хувь нь иргэдийн хандив болон өөрийн хөрөнгөнөөс бүрдсэн байсан гэнэ. Харин нам болон хуулийн этгээдээс өгсөн хандив 28 хувийг эзэлжээ.