УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2017.09.29) хуралдан Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайдыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
УИХ-ын дарга, МАН-ын даарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг.
Энэ дагуу зөвшилцөх саналд Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичгээр хариу илгээсэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч “Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье” гэжээ. Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар асуулт асууж, тодруулсан юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн алба эмх цэгцтэй, зохион байгуулалттай, залгамж чанартай байх ёстой. Иймээс халаа сэлгээ хийж төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээл хахууль авч ажилд орсон байж болзошгүй, төрийн ажлыг цалгардуулдаг, ёс зүйгүй хүмүүсийн толгойг илээд байхгүй. Монголын төлөө зүтгэж чадах зүрх, сэтгэлтэй хүн бидэнд хэрэгтэй байна.
Өмнөх Засгийн газрын бүтцийг хэвээр нь байлгана, харин давхар дээлийн асуудлын талаар Бүлгийн хуралдаанд өөрийн тодорхой байр суурийг хэлсэн, одоогийн мөрдөгдөж буй хуулийг баримтална гэсэн бодолтой байгаа. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр цаашид хэвийн үргэлжлэх болно. Ахмадуудын тэтгэврийг нэмэхэд анхаарна, энэ асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа. Харин улс орны төсөв санхүү хүнд байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжгүйг хаана хаанаа ойлгох учиртай.
Ирэх оны эхээр төлөх бондын өрийг гадаад зах зээлд бонд гаргах замаар төлж барагдуулахаас өөр аргагүй. Энэ талаар Сангийн яам ажиллаж байгаа. Төсөв хүнд байгаа ийм үед зарлагаа танаж, орлогоо өсгөх, төсвийн алдагдлыг аль болохоор нэмэгдүүлэхгүй байх, түүхий эдээ гадагш нь ахиу үнээр борлуулахад анхаарах шаардлага тулгарч байна. Би зөвхөн хөрөг нь хананд үлддэг биш, хийж бүтээсэн юмтай Ерөнхий сайд байхыг хүсэж байгаа. Иймээс шударга ёс, ажил хэрэгч байдлыг эрхэмлэж, төрийн хуулийг дээдэлж ажиллах болно гэлээ.
Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчид амжилт хүссэн юм. Дараа нь Байнгын хорооны дарга Н.Энхболд Ерөнхий сайдыг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1975-1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургууль, 1992-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр 1989-1990 онд Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх, МАН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажиллаж байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
1 comment
У.Хурэлсух нь Шадар сайдын ажлыг хийж, Засгийн газрын танхимын нэг гишуун нь болж “Хариуцлагыг хамтран хулээж байснаа” гэв гэнэтхэн “Бидны ажил болохгуй байна” гээд багийнхаа тэргуунийг огцруулж, улмаар оорийнхоо засгийн газрыг огцруулж “СЭЛЭМ ТОГМОД шиг ШУДАРГА ЦАРИАЛЖ байснаа одоо ООРОО ЕРОНХИЙ САЙД БОЛОХ гээд байгаа нь хир зэрэг шударга явдал вэ? УХАА СОЛИОТОЙ ХУНД ЭРХ МЭДЭЛ ОГЧ,ИЛД БАРИУЛАХ НЬ АЮУЛТАЙ. Унэхээр ХУДАЛ, УНЭН хоер солигдож, МАН нь “Булэглэл”-ийн гарт орчихсон юм уу? ЖУРМЫН НОХОД ОО. ШУДАРГА БАЙЦГААЯ !!!!!!!