Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтанууд өчигдөр (2017.09.28) хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар нь иргэн Б-д хуулийн дагуу хариуцлага тооцож, хуш модны самрыг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.
Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зааснаар зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байдаг.
Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоо метр байдаг аж. Энэ нь манай улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг гэсэн үг юм.