Өнөөдөр (2017.09.29) П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Д.Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Жил бүрийн есдүгээр сарын 29-нд тохиодог “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ өдөрлөгийн үеэр тус эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62 хувь, зүрхний цусан хангамж хомстох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн ДЭМБ-аас онцолж байна. Тиймээс тус эмнэлэг, ХААН Банкны ХААН сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ныг хэрэгжүүлж байгаа аж. Өдөрлөгийг ЭМЯ, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний холбоо хамтран зохион байгуулах юм.
Эх сурвалж: П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг