[starbox]

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байна. Нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ базаахтай зэрэгцэн утааны асуудал уламжлал ёсоор толгойн өвчин болж эхэллээ. Хүйтний улиралд гэр хорооллын айл өрхүүдийн 60 хувь нь түлшний дутагдалд орж дулаан алддаг гэсэн судалгааг ШУА-ын эрдэмтэд гаргажээ.

Түлш мөн агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг учраас байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгох зорилгоор НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран өчигдөр (2017.09.28) “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд нээлээ.

Энэ сарын 30-н хүртэлх үргэлжлэх тус өдөрлөгт 50 гаруй аж ахуй нэгж байгууллага утаа ялгаруулдаггүй, тог хэмнэж болох бүтээгдэхүүнээ танилцуулна. Үзэсгэлэнд оролцож буй дээрх байгууллага ямар нэгэн зардалгүй иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ийм нээлттэй өдөрлөгийн дараа үйлдвэрлэгчдийн ашиг орлого нь 30-40 хувь өсдөг гэнэ.

Иргэд энэ удаагийн үзэсгэлэн худалдаан дээр цахилгаанд хэмнэлттэй халаадаг зуух, утаа ялгаруулдаггүй дулаанаа удаан барьдаг түлш, үнэ хямд, зээлээр олгох боломжтой шинэ дэвшилтэт технологийг илүүтэй сонирхож байв. Эндээс бидний олон жил ярьж хэвшсэн төслийн зуух моодноос гарч, эрчим хүчээр халдаг гэхдээ эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй технологийн эрин айсуйг харж болно.

Юутай ч ирж яваа өвлийн бэлтгэлд зориулж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ирэх сарын 1-нд дүүргүүдийн Халамж үйлчилгээний байгууллагаар дамжуулан зорилтот бүлгийн 4700 орчим айл өрхөд сайжруулсан түлш тараахаар төлөвлөжээ. Энэхүү нүүрс утаа маш бага ялгаруулдаг гэж үйлдвэрлэгчид болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид ярьж байна.

Түүнчлэн Улаанбаатар цэвэр агаар төслөөс иргэдийн дулаалгын материалын 70 хувийг даахаар болсон гэнэ. Төсөлд хамрагдах  иргэд 30 хувиа төлөх чадвартай, төслийн зуух ашигладаг, амьдарч байгаа гэр болон амины орон сууц нь дулаалгагүй байх зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой аж. Агаарын бохирдлын эсрэг Засгийн газараас өнгөрсөн жил гэр хороолын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ирэх оны төсвийг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байгаа юм. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн эрчим хүчинд хэмнэлттэй, утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй технологиос хийсэн бүтээгдэхүүнийг фото сурвалжлагаар хүргэж байна. Эдгээр зуухыг 2016 оноос эхлэн Улаанбаатарын цөөн тооны өрхөд туршилтаар нэвтрүүлж байгаа юм.

Халдаг зуух: “Мөнхийн амар” компанийн бүтээгдэхүүн. Шалны халаалт холбох боломжтой бөгөөд гэрт ашиглах зориулалттай. Бага таван ханатаас найман ханатай гэрийг бүрэн халаана. Сард эрчим хүчний хэрэглээний зардалд 35-60 мянган төгрөг зарцуулна. Зах зээлийн үнэ нэг сая 300 мянган төгрөг. Үзэсгэлэн худалдаан дээр 800 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. 2017 оноос худалдаанд гарч байгаа.

Гуурсан халаалт: “Тот ком сервис” компанийн бүтээгдэхүү. БНСУ-аас 12 дахь жилдээ оруулж ирсэн. Амины орон сууцанд  ашиглах зориулалттай. Халаалтынхаа дээгүүр дөрвөн см-ийн бетонон цутгалт явуулж ашиглана. Эрчим хүчний хэрэглээний зардалыг хэмнэнэ. Зах зээлийн үнэ нэг метр кводрат нь 65 мянган төгрөг.

Хальсан халаалт: “Тот ком сервис” компанийн бүтээгдэхүүн. Гэрт ашиглах зориулалттай. Шалны доогуур холбоно. Эрчим хүчний хэрэглээний зардалыг хэмнэнэ. Зах зээлийн үнэ 15 метр кводрат нь 400 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Карбон утсаар хийсэн усан халаалт: “Эко жигүүр” компанийн бүтээгдэхүүн. БНХАУ-аас оруулж ирдэг. Гэрт болон амины орон сууцанд ашиглах зориулалттай. Хүйтэнд хөлдөхгүй. Эрчим хүчний зарцуулалтыг 50 хувь хэмнэнэ. Зах зээлийн үнэ 250-500 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Хөвөн даавуун халаалт:  “Дулаан элстэй” компанийн бүтээгдэхүүн. БНСУ-аас оруулж ирээд долоон жил болж байгаа. Гэр болон амины орон сууцанд шал, хулдаасны доогуур ашиглах зориулалттай. Сард эрчим хүчний хэрэглээний зардалыг хэмнэнэ. Зах зээлийн үнэ 40 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Битүү системтэй зуух: “Атмор” компанийн бүтээгдэхүүн. Амины орон сууцанд пааранд суурилуулж ашиглах зориулалттай. Сард эрчим хүчний хэрэглээний зардалыг хэмнэнэ. Зах зээлийн үнэ нэг сая 250 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Урьдчилгаагүй зээлээр авах боломжтой. 2017 оноос худалдаанд гарч байгаа.

Дулаанаа барьдаг зуух: “Монват” компанийн бүтээгдэхүүн. Гэрт ашиглах зориулалттай. Эрчим хүч ашиглахгүй бөгөөд чулуугаар халдаг онцлогтой. Найман цаг өөрийгөө цэнэглэж, шөнөдөө дулаанаа барина. Зах зээлийн үнэ хоёр сая 580 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Газан зуух:  “Юни Газ” компанийн бүтээгдэхүүн. Японоос оруулж ирдэг.  Гэрт болон амины орон сууцанд ашиглах зориулалттай. Халаалтын системээ тохируулах боломжтой. Хий алдаж дэлбэрэхээс бүрэн сэргийлсэн. Үнэр мэдрэгчтэй бөгөөд автоматаар унтарна. Эрчим хүчний зардалыг хэмнэнэ. Зах зээлийн үнэ 553 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Түлш хэмнэгч: “Эко ойл” компанийн бүтээгдэхүүн. Хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд ашиглах зориулалттай. Түлшийг 4-8 хувь хэмнэнэ. Зах зээлийн үнэ16.500 төгрөгөөр борлуулагдаж байна.

Дулаалга: “Термобозальт” компанийн бүтээгдэхүүн. Гэр болон амины орон сууц, шугам хоолойнд ашиглах зориулалттай. Зах зээлийн үнэ диаметрээсээ хамааран 850-53500 төгрөгөөр борлуулагдаж байна.

Шугам хоолойн дулаалга

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн