Тэр улс төрд будаг нь ханхалсан шинэ хүн ч гэлээ энэ удаагийн Засгийг хамгийн муухай харагдуулж байсан хэдэн сайдын нэг гэхэд тэгтэл буруудахгүй. Түүний ажил амьдралын карьерыг илтгэх хэд хэдэн өнцөг байдаг ч хамгийн их хардлага төрүүлдэг зүйл нь түүний улс төр дэх худ ургийн холбоо.
УИХ-ын Төрийн Байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой худ ургийн хэлхээ холбоотой гэдгийг мэдэх нь мэднэ. Тэр утгаараа намын бага хурлаар Н.Энхболд даргад саналаа өгсөн 5 эрхмийн нэг гэж байгаа. Төрд хэрэгтэй худийнхаа ачаар аль ч засгийн үед даргын суудлаас бууж үзээгүй буян нь түүнийг энэ удаад ч мөн хэн болохыг нь баталж Эрүүл мэндийн яамны толгойд гаргаж чадсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ хэлсэн “мэргэжлийн” гэх гоё үг том нэмэр болж А.Цогцэцэг хатагтайг хүлээн зөвшөөрөх тулган шаардалт болсон нь яах аргагүй үнэн. Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлсэн түүний зам мөрийг баллаж арилгах гээгүй ч төрийн сэнтий, салбарын сайдын суудалд арай л ахадсан томилгоо байсныг нийтээрээ харлаа.
“Аллергимед” арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношлогоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 давхар эмнэлгээс гадна эмийн сан, Хэнтий аймаг дахь Аварга тосонгийн дэргэд сувиллын газартай гэх мэт түүнд хамаарах хэт олон орлогын сувгууд түмний анхаарлыг өөрийн эрхгүй татаж байв. Шинэхэн сайдын хөрөнгө орлого 2017 оны долдугаар сарын байдлаар 396 сая төгрөгт хүрч энэ парламентын гишүүдийн дунд “хамгийн өндөр орлоготноор” тодорсон нь ч тун сонирхолтой.
Гэтэл монголын жирийн нэгэн төрийн албан хаагчийн гэр бүлийн жилийн орлогыг дээрх олон зуун сая төгрөгтэй харьцуулах ч юм биш. Эрх мэдэл бизнес хоёр хутгалдвал хэрхдэгийг түүний орлогын өсөлт батлаад өгсөн.
Мөнгө боддог хүн хүн боддоггүй
…Ингэж хэлбэл санаа нийлэхгүй уншигч байгаа л байх. Гэхдээ үнэний ортой гэдэгтэй санал нийлэх нэгэн бий. Мөнгө боддог хүн хэзээ ч хүн боддоггүй. Хүний хөлс хүч, оюун сэтгэхүйг яаж хямд төсөр ашиглаад өөрийн бизнестээ мөнгө даллах вэ, хэрхэн энэ хүний хөдөлмөр хүчийг зарж хөрөнгө оруулалт босгох вэ гэдгийг л цаг ямагт бодож суудаг. Тийм ч учраас бизнесмэнүүд овсгоотой, зальжин, сүйхээтэй байх нь элбэг. Тэр яг л ингэж харагддаг.
Эрх мэдлээ хэрхэн өөрийн бизнест ашиглах вэ, хувийнхаа эмнэлгийг хэрхэн өнгө зүстэй өндөр чадамжтай, техник тоног төхөөрөмжөөр монголдоо тэргүүлэх зэргийн байлгахад өнөөдрийн эрх дархаа хэрхэн урвуулах тухай бодож явсныг нь түүний хөрөнгө орлогын өсөлтөөс шууд ойлгож болохоор. Түүний энэ овсгоотой чанарыг муулах буруутгах аргагүй. Төрийн өндөр албан тушаалтай хэн ч бай хувь хувьсгалын хос морьтой бол элдэв төсөл хөтөлбөр, төрийн хайр хишиг, хөрөнгө санхүүжилтээс өөрийн эзэмшлийн компани бизнес рүүгээ татах л байсан.
Тэгэхээр буруутан нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг биш түүнийг эрх ашгийн зөрчилтэй гэдгийг нь мэдсээр байж өндөр дээд албан тушаалд өргөмжилсөн “нууц ноёнтон”-д бурууг тохох нь зүй болов уу. Юм л бол эрх ашгийн зөрчил гээд үглээд байгаагийн учир нь “мэргэжлийн” сайд хатагтай 40-65 насны даатгуулагчдийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг улс орон даяар эхлүүлсэн нь цаанаа учиртай байжээ.
Элэгний өвчний идэвхжил тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалтыг нийт 31 лабораторийн дунд зарлаж 22 лаборатори онц дүн авч тэнцэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж бүрэн санхүүжилт авсны дотор сэргэлэн нь дэндсэн хатагтай А.Цогцэцэгийн хувийн эмнэлгийн лаборатори багтсан байгаа нь яалт ч үгүй анхаарал татна. Богино настай Засгийг болчимгүй харагдуулахад хувь нэмрээ өргөсөн бүсгүйн тааламжгүй үйлдлүүдийн ганцхан жишээ энэ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
№ | Эмнэлгүүд |
1 | Улсын нэгдүгээр төв эмнэлэг |
2 | Улсын хоёрдугаар төв эмнэлэг |
3 | Халдварт өвчин судлалын үндэсний төв |
4 | Хавдар судлалын үндэсний төв |
5 | Багануур эрүүл мэндийн төв |
6 | Интермед эмнэлэг |
7 | УБ Сонгдо эмнэлэг |
8 | Грандмед эмнэлэг |
9 | Аллергимед эмнэлэг |
10 | Монгол Хьюндай эмнэлэг |
11 | Итгэл эмнэлэг |
12 | Онкоген лаборатори |
13 | “Гялс” Анагаах ухааны төв |
14 | Мобио лаборатори |
15 | Оношмед лаборатори |
16 | “Бона Вита” лаборатори |
17 | “Протолаб” лаборатори |
18 | Элэгний төв лаборатори |
19 | “Гэгээн Ар Үр” лаборатори |
20 | Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/ |
21 | “Евростандарт лаборатори |
22 |
Хаппи веритас |
Эх сурвалж: М.МӨНХТУНГАЛАГ
1 comment
kkkkk,,,,uur olon asuudal bii..emnelegiin darga nariin tomilgoo,,tcogtcetceg,ocirbat nar ,gemteliin emnelegiin dargaar tasgiin erkhlegch khiij uzeegui,emchiin ajliig 10 jil ch khiigeegi-ui mungutei kheneen tomilson..khavdariin emneleg,eruul mendiin khugjliin tuv,gerontologiin tuv geed l…yamnii gazar kheltesiin darga nar bugd tanil tal,shakhaanii khumuus..odoo bolnoo..