Венесуэль нефтийг юаниар арилжиж эхлэв

Венесуэлийн Засгийн газар Хятадын “Жэньминь Жибао” сонинд нефтийг юаниар худалдах шинэ үнээ нийтлүүлсэн тухай Казахстаны “Tengrinews”сайтад мэдээлжээ. Үүгээрээ Каракас олон улсын зах зээл дээрх ам.долларын ноёрхлыг сөрөх алхам хийж байгаа юм байна. Венесуэлийн Нефть, олборлох үйлдвэрлэлийн яамны мэдэгдэлд дурдсанаар Венесуэльд нефтийн үнэ дөрвөн хувиар буюу дунджаар 2.55 юаниар өсч, баррель нь 306.26 юань (48.45 ам.доллар) болсон гэнэ.

Үнэ ийнхүү бага хэмжээгээр өссөн нь нефтийн эрэлт нэмэгдсэн, ОПЕК, нефтийн бусад үйлдвэрлэгчийн гэрээний сунгалтын хэтийн чиг хандлагатай холбоотой гэж тус яамны тайлбарт бичжээ. Үүнээс гадна үнийг юаниар хийх болсон нь улс орноо долларын хамаарлаас гаргахад чиглэсэн гэнэ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ сарын эхээр ам.доллараас татгалзаж, евро, юань, рубль, рупи зэрэг үндсэн валютуудаар төлбөр тооцоо хийх санал гаргасан юм. “Венесуэль улс олон улсын төлбөр тооцооны шинэ систем нэвтрүүлж, өөрсдийгөө доллараас чөлөөлөхийн тулд валютын сагс үүсгэхээр зэхэж байна” хэмээн Мадуро мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Tengrinews

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн