Хойд Солонгосын засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Ким Чен Уны дэглэмд явуулж буй “ойлгомжгүй бодлого”-ыг ойлгохын тулд Вашингтон дахь бүгд найрамдахчуудтай холбоотой шинжээчидтэй хэлэлцээр хийхийг оролдож байжээ. Энэ тухай “The Washington Post”сонинд мэдээлсэн байна. Энэ ажиллагаа БНАСАУ-тай асуудал хурцдахаас өмнө эхэлсэн аж.
“Тэдний №1 асуудал нь Трамп. Тэд түүнийг ойлгохгүй байгаа” хэмээн эх сурвалж мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор Пхеньяны өмнө АНУ-ын засаг захиргаатай албан ёсны дипломат хэлэлцээргүй энэ үед Америк чухам юу бодож төлөвлөж байгааг ойлгох асуудал тавигджээ. “The Washington Post” сонинд мэдээлснээр НҮБ дахь Хойд Солонгосын элч төлөөлөгч Тагнуулын төв газрын шинжээч асан, өдгөө Хойд Солонгосын асуудал эрхэлсэн “Heritage Foundation”–ы ерөнхий шинжээч Брюс Клингнерийг Пхеньянд айлчлахыг урьсан байна.
Трамп энэхүү сантай нягт харилцаатай боловч Клингнертэй танил биш гэж сонинд тэмдэглэжээ. Клингнер ч энэхүү саналаас татгалзсан байна. “Хэдийгээр ийм уулзалт нь ашигтай ч тус дэглэм тодорхой ойлголттой болохыг хүсвэл АНУ-ын Засгийн газарт шууд хандсан нь дээр” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Хойд Солонгосын зуучлагчид мөн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, том Жорж Буш нарын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Азийг хариуцсан шинжээчээр ажиллаж байсан, өдгөө Карнегийн сангийн судалгаа шинжилгээний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Дуглас Паалд хандаж үзжээ.
Пхеньяны төлөөлөгчид Паалаас Хойд Солонгосын албан ёсны төлөөлөгчид, бүгд найрамдахчуудтай холбоотой Америкийн шинжээчдийг Швейцарь зэрэг энгийн газарт хэлэлцээр зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийг гуйжээ. Гэтэл Паал Хойд Солонгосын хүсэлтээс татгалзсан байна. БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт явуулж, олон улсын нийгэмлэгүүдийн шүүмжлэлд өртөөд буй энэ цаг үед Пхеньян, Вашингтоны хоорондох зөрчилдөөн улам нэмэгдэж буй юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 8-нд л гэхэд БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шинэ хоригийн хариуд “биеэрээ үйлдэл үзүүлнэ” гэж сүрдүүлсэн. Үүний дараа Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Хойд Солонгост “дэглэмийг нь мөхөөж, ард түмнийг нь устгана” гэж сүрдүүлсэн билээ. Хожим нь Трамп Алабама мужид дэмжигчидтэйгээ уулзалт хийх үеэрээ “пуужинтай бяцхан хүн” гэгдэх Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай учраа ололцоно гэж мэдэгдсэн байна.
Э.ЗАЯА
Эх сурвалж: The Washington Post