Өмнөх долоо хоногт НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлж, дараагийн даргаа тодруулахаар хуралдсан ч сонгож чадаагүй. Ингээд хурал тав хоногийн завсарлага аваад буй. Одоо энэ сарын 29-нд буюу нөгөөдөр дахин хуралдах учиртай.
Өмнөх хуралдаанд Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдсөн ч санал тэнцэж, хэн нь ч олонхи болж чадсангүй. Үүнээс гадна АН-ын төлөөлөгчид саналын хуудсыг цагаанаар өгсөн нь тухайн хоёр нэр дэвшигчийн хэн нь ч тэдний сонголтод таалагдаагүй гэсэн үг.
Ингэхээр Иргэдийнхээ төлөөлөгчдийн олонхи саналыг авч чадалгүй бүдэрсэн хоёр өрсөлдөгчөө дахин уралдуулах уу, аль эсвэл олонхийн дэмжлэг авах шинэ хүнийг нэр дэвшүүлэх үү гэсэн хоёр сонголт байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдөөсөө хангалтттай итгэл хүлээж чадаагүй хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлбэл МАН-ын хувьд бас л нэг хэл амны бай, базаахгүй дүр төрхөө дахин харуулах болчихоод байгаа юм. Энэ талаар олон нийтийн сүлжээгээр хангалттай ярьж бичиж байгаа болохоор илүүг нуршаад яахав.
Харин энэ хугацаанд Иргэдийн төлөөлөгч хэсэг нөхөд шинэ нэр гаргаж, түүнийг тойрон санаа оноогоо хуваалцаж байгаа гэх мэдээлэл байна. Тэдний хувьд НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Б.Отгонсүх гэх залууг НИТХ-ын даргад шинээр нэр дэвшүүлэх нь хамгийн боломжтой хувилбар гэж тооцож байгаа гэнэ. Дуулдаж буйгаар энэ залуу НИТХ-ын аль нэг фракцид харъяалагддаггүй, бие даасан нэгэн аж.
Ямартай ч энэ нэр дээрээс биш доороос гарсан санал учраас НИТХ-ын хуралдаан дээр дэмжигдэх магадлал өндөр гэлцэж байна.
Эх сурвалж:http://www.medee.mn/main.php?eid=97721
2 comments
СХД-ийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан төлөөлөгч С.Мөнхчулуун тохирмоор санагдаад байна.
энэ залуу чинь Сонгинохайрханаас нэр дэвшиж гарсан юм бол өнөөх Баярсайханы нам нэг хамтрагч, өсгөн хүмүүжүүлсэн бас нэг гар хөл нь юм биш үү. Яаж ийж байгаад л 60 тэрбумаас гаргах гээд янз бүрийн арга сэдэж байх шиг байна даа. Шинэ хүн хэрэгтэй ч энэ хүн лав биш. Хамгийн их хор хутгадаг хэл амтай дүүргээс гарсан хүн ямар байх нь ойлгомжтой.