МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид телевизийн салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүлжээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр хүргэе.
Монголд телевизийн салбар үүссэний 50 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз нэвтрүүлгээ цацаж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний сэтгүүлзүйн нэгэн хүчирхэг салаа мөчир болсон телевизийн салбарын нийт хамт олонд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МҮОНТВ нь олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ оршин буй бүх цаг үеийнхээ туршид амжилттай биелүүлэхийн зэрэгцээ Телевизийн сэтгүүлзүй хэмээх бие даасан салбар Монголд үүсэн бий болж хөгжихөд боловсон хүчний нөөц, хуримтлуулсан туршлагаараа үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.
Мөн Монгол улсын сүүлийн 50 жилийн түүхийг мөнхлөн үлдээх, монголчуудын олон мянганы уламжлалтай өв их соёлыг дархлаажуулахад та бүхний хувь нэмэр үлэмж билээ. Иргэдийн мэдэх эрхийг хангах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Монголд бодит зүйл болгох үйлсэд ч МҮОНТВ түүхэн үүрэгтэй оролцсоор ирсэнд МСНЭ гүнээ талархаж байна. Телевизийн салбарын хамт олондоо цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч байх үйлстээ арвин амжилт олохыг хүсэн ерөөе.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид 2017.09.27. Улаанбаатар хот.