Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд 2016 он, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйл “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих”, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.
Судалгаанд хамрагдсан хугацаанд дээрх зүйл ангиар шалгагдсан найман хэрэг байгаа нь нийт хяналт тавьсан 27854 хэргийн 0.03 хувийг эзэлж, үүнээс 3 хэргийг хэрэгсэхгүй болгон, 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 15 хүнд холбогдох 3 хэргийг шүүхэд шилжүүлэн, 87.5 хувийг шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүдэд нийт 36 хүнийг холбогдуулан шалгасны 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд гадаад улсын иргэн 6 байгаа нь бүгд БНХАУ-ын иргэд байжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс холбогдон шалгагдсан байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, иргэд, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллага, алба хаагч нарын хувьд Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд багтсан Хуш модны самрын үр, чөмөг зэргийг бэлтгэх, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд холбогдох хууль, журмыг нэг мөр дагаж мөрддөггүй, хяналтаа бүрэн тавьдаггүй, нөгөөтэйгүүр эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл болж байна.
Судалгааны мөрөөр Байгалийн ургамал түүж бэлтгэх, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох талаар тусгай журам боловсруулах шаардлагатай байгаа талаар БОАЖЯ-нд санал хүргүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөн шалгах байгууллагын мөрдөгч, хяналт тавьдаг прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвд тус тус санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: УЕПГ