Иракийн Курдистанд явагдсан бүх нийтийн санал хураалтаар нийт оролцогчдын 93 гаруй хувь нь бүс нутгаа тусгаар тогтнохыг дэмжлээ. Энэ тухай саналын 90 орчим хувь буюу 282 мянган саналыг тоолсны дараах дүн баталж байна. Энэ талаар Курдистан дахь Бүх нийтийн санал асуулга, сонгуулийн асуудал эрхэлсэн хараат бус Дээд хорооноос мэдээлжээ.
Харин тусгаар тогтнохыг сонгогчдын 6.71 хувь нь эсэргүүцсэн байна. Комиссын даргын тэмдэглэснээр санал хураалтын үр дүн өөрчлөгдөж магадгүй гэнэ. Учир нь тооллого үргэлжилж буй юм байна. Санал хураалтын албаны ёсны үр дүнг өнөөдөр пүрэв гарагт танилцуулна. Бүх нийтийн санал хураалтад 3.3 сая орчим хүн оролцож, ирц 72.16 хувьтай бүрджээ.
Тус санал хураалтад нийт 5.5 сая хүн санал өгөх эрхтэй байв. Үүнд Иракийн Курдистанд эсвэл курдуудын дүүрэгт бүртгэлтэй Иракийн бүх иргэн саналаа өгөх боломжтой байлаа. Бүх нийтийн санал хураалт явуулахаад 1737 комисс, сонгуулийн 6846 байр ажиллажээ. Санал хураалтад курдын автономит тойргийн бүрэлдэхүүнд албан ёсоор ордог Эрбиль, Сулеймания, Дохук мужийнхан оролцоод зогсохгүй Киркук, Найнава, Салах-ад-Дин зэрэг дүүргүүдийнхэн ч оролцсон байна. Иракийн хилийн чанадад аж төрдөг курдуудын хувьд онлайнаар саналаа өгчээ.
Багдад албан ёсоор энэхүү бүх нийтийн санал хураалтыг эсэргүүцэж байсан юм. үүнээс гадна АНУ, НҮБ ч хүлээн зөвшөөрөөгүй аж. Турк, Иран улс энэ асуудалтай холбогдуулан хил орчимдоо цэргийн сургуулилт хийж эхэлсэн бол Иран агаарын тээврийн шугамаа хааж эсэргүүцжээ.
Иракийн парламентаас бүх нийтийн санал хураалтад оролцсон курдын бүхий л албан тушаалтнуудыг огцруулах саналыг дэмжиж, Курдистан, Багдадтай хөрш орнуудыг хилдээ хяналт тавьж ажиллахыг шаардсан байна. Мөн зөвхөн Иракийн Засгийн газартай л нефтийн гэрээ хэлцэл хийхийг шаарджээ.
Иракийн Курдистан болон курдуудын тухай
Курдууд нь Ирак, Иран, Турк, Сири зэрэг улсад аж төрдөг, өөрсдийн гэсэн улсгүй томоохон ард түмэн юм. Курдуудын гол зорилго нь өөрсдийнхөө олонхоороо амьдарч буй газар нутагт Курдистан хэмээх тусгаар тогтносон улс байгуулах аж.
Курдууд Иракт долоон сая буюу нийт хүн амын 20 хувь, Туркт 15 хувь буюу нийт хүн амын 19 хувь, Иранд 8 сая буюу нийт хүн амын 10 хувь, Сирид хоёр сая буюу нийт хүн амын 9 хувийг эзлэн аж төрдөг. Иран хэлтэй энэ ард түмэн олон зуун жилийн турш үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнүүлж, тусгаар тогтнох оролдлого хийдэг боловч нэг ч удаа тусгаар улс байгуулсан түүхгүй гэнэ.
1961 онд Иракийн Үндсэн хуулиар Курдистанд автономит өргөн эрх олгосон байна. Курдууд Иракийн Курдистанд энэ даваа гарагт бүх нийтийн санал хураалт зохион байгуулсан бол ирэх арваннэгдүгээр сарын 3-нд орон нутгийн засаг захиргааны сонгууль, 2018 оны нэгдүгээр сарын 19-нд мужийн зөвлөлийн хурал, “Хойд Сирийн холбоо”-ны ард түмнүүдийн Ардчилсан конгресс явуулахаар төлөвлөжээ.
Э.ЗАЯА