АНУ болон Хойд Солонгосын харилцаа хүйтэрч, хурцадмал байдалд хүрсэн нь дайн гарч болзошгүй гэсэн таамаглалыг дэлхий дахинд төрүүлээд байна. Цөмийн зэвсэгийн туршилтыг удаа дараалан явуулж буй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бодлого, “хаалттай улс”-ын амьдрал гадаад ертөнцийн сонирхолыг улам бүр татаж байна.
Тус улс XXI зууны эхэн үеэс олон улсад хаалттай болж эхэлсэн бөгөөд хүн ам, эдийн засгийн талаарх статистик тоон мэдээлэл, баримтууд нууцлагдмал байдаг. Судлаачид Пхеньяны талаарх баримт, тоон мэдээллийг гаргахдаа ихэнхдээ тооцоололд тулгуурладаг байна. Тэдний дүгнэлт энэ нууцлаг улсын талаар юуг хэлж болохыг сонирхолтой графикт харуулжээ.
1.Хаалттай улс ба ардчилсан орон
Солонгос үндэстэн хоёр хуваагдсанаас хойш 70 гаруй жил өнгөрч байна. Тус улсыг 1948 онд Ким Ил Сун удирдсанаас хойш түүний орыг хүү Ким Чен Ир нь залгамжилж 17 жил төр барьсан билээ. Коммунист удирдагчийг 2011 онд өвчнөөр нас барсны дараа бага хүү нь болох Ким Чен Ун нь төрийн удирдлагыг авсан юм. Өөрөөр хэлбэл, тус улсыг нийт гурван хүн удирдсан бол Өмнөд Солонгосын ард түмэн 12 дахь Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын тэргүүн Мүн Жэ Ин-ийг сонгоод буй юм.
2.Иргэд нь бараг гар утас хэрэглэдэггүй
Хойд Солонгост гурван сая гаруй хүн гар утас хэрэглэдэг гэх тоон мэдээлэл бий. Энэ нь их юм шиг боловч 25 сая гаруй хүн амтай тус улсад маш бага тоо юм. Өөрөөр хэлбэл, ард иргэд нь утас барьдаггүй гэж хэлж болно. Гар утас ашигладаг хэрэглэгчдийн ихэнхийг нь тус улсын нийслэл Пхеньянд төвлөрүүлж магадгүй юм байна.
Тус улсад ганцхан үүрэн телефоны сүлжээ байдаг. Энэ нь Корольолин гэх Египетийн “Orascom” компанийн сүлжээгээр байгуулагджээ. Гар утасыг зөвхөн “хувийн интернет” -т нэвтрүүлэхийг зөвшөөрдөг аж. Энэ нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаагдмал интернэт систем аж. Харин Өмнөд Солонгост 58.9 сая хүн гар утас ашиглаж байна. Энэ бол гар утас ашигладаггүй хэрэглэгч гэж байхгүй гэсэн үг юм.
Хойд ба Өмнөд Солонгосын эрчүүдийн өндөрийн ялгаа
Өмнөд Солонгосын эрчүүдийн дундаж өндөр нь 173.5 см байдаг бол Хойд Солонгосын эрчүүд тэднээс 3-8 см намхан болохыг тогтоожээ. Сөүлийн “Sungkyunkwan” Их сургуулийн профессор Даниэль Швекендек нь хил гаталж, хойд солонгосын дүрвэгчдийн өндрийг судалж дээрх дүгнэлтийг гаргажээ.
Хилээр зааглагдсан хоёр улсын эрчүүдийн өндөр намын ялгаа нь генетикийн хувьд хамаарахгүй аж. Профессор Даниэль Швекендекийн үзэж буйгаар “хаалттай улс”-ын иргэд намхан байгаа нь хоол тэжээлийн дутагдал, ядуу байдалтай шууд холбоотой гэнэ. Хэрэв энэ байдал өөрчлөгдвөл бага зэрэг өсөх хандлага ажиглагджээ. Хоол тэжээлийн дутагдал нь Хойд Солонгосын иргэдийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгаа аж.
Зам тээврийн хөгжил маш муу
Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын зургууд дээр автомашин замын хөдөлгөөнд оролцоогүй өргөн уудам, цэвэр замыг харуулдаг боловч бодит байдал дээр хотын гадна маш өөр түүх өгүүлдэг.
Тус улс 2006 оны байдлаар 25,554 км авто замтай боловч 3% нь буюу 724 км зам хатуу хучилттай гэсэн тоо бий. Мөн 1000 хүн тутмын 11 нь машин эзэмшдэг гэж тооцоолжээ. Энэ нь иргэд нь голдуу автобусны буудал дээр удаан дараалал үүсгэх шалтгаан болдог.
Эдийн засгийн гол эх үүсвэр нь нүүрс
Хойд Солонгос эдийн засгаа уснаас дээш гаргахын тулд нүүрсний экспортод найдвар тавьж байна. Учир нь нүүрснийхээ ихэнх хэсгийг БНХАУ-д гаргадаг. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард гол худалдааны түнш нь болсон БНХАУ цөмийн туршилтыг эсэргүүцэн импортоо хаасан билээ.
Зарим шинжээчдийн үзэж буйгаар нүүрсний импортыг бүрэн дүүрэн зогсоогоогүй аж. Тус улсын усан онгоцнууд Хятадын нүүрсний боомтууд дээр байсан хэвээр байгаа нь энэ итгэлийг төрүүлхэд хүргэжээ.
Солонгосчууд нягт холбоотой байсан
Хойд болон Өмнөд Солонгос 1973 он хүртэл эдийн засгаараа нэлээд тэнцвэртэй байсан. Түүнээс хойш БНСУ дэлхийд тэргүүлэх аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн нэг болохын тулд Samsung болон Hyundai зэрэг компаниудын нэр хүндийг өсгөжээ. Харин Хойд Солонгос 1980-аад онд коммунист улс гэх статус дээрээ хатуу байр суурин дээр зогсчээ.
Хойд ба Өмнөд Солонгосын цэргийн хүч
Хойд Солонгос хүн амын тоогоор дэлхийд 52-т ордог бол цэргийн хүч чадлаараа дөрөв дэх том армитай улсад тооцогддог. Цэргийн зардал нь ДНБ-ний 25 хувьтай тэнцдэг бөгөөд бүх хүн ямар нэгэн цэргийн байгууллагад сурдаг.
Өмнөд Солонгосчууд урт насалдаг бол…
Хойд Солонгост 2000 оны эхэнд болсон өлсгөлөнгөөс болж хүн амынх нь дундаж насалт огцом буурчээ. Хүнс тэжээлийн хомсдол өлсгөлөн өнөөдөр ч тус улсад үргэлжилж байна. Энэ нь тэдний нас баралтын гол шалтгаан болж байгаа аж. Иргэд нь дунджаар 60-65 насалдаг бол Өмнөд Солонгосчууд 80 насалдаг байна.
Гэхдээ Хойд Солонгос хүн амын төрөлтөөрөө илүү
Өмнөд Солонгос улс хүн амынхаа өсөлтөд анхаарч Засгийн газар нь төрөлтийг нэмэгдүүлэх тал дээр олон арван жил анхаарсан тэмцэл үргэлжилсээр байна. Тухайлбал, хүүхдийн тэтгэмжийг 70 тэрбум ам.доллар зарцуулж, эцэг эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Гэсэн ч төрөлтөөр Хойд Солонгос тэргүүлдэг байна. Тус улс мөн хүн амынхаа төрөлтөд анхаарал тавьдаг аж.
Бэлтгэсэн: Б.ЯРУУ
Эх сурвалж: BBC
1 comment
Хойт со. сайн байна. АНУ шахаж хавчаад алж талах гээд байхад ургашлаад л байна.