Нийгэм

Булгийн эхийг тохижуулан хамгааллаа

Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа.

Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбайг нийслэлийн Байгаль орчны газраас заалгасны дагуу “Булгийн эхийг тохижуулж, хамгаалах” ажлыг хийж гүйцэтгэв. Тус ажлыг нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны А/95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан юм.

Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй, малын гоц халдварт өвчин болох шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг сайн талуудтай. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаагаас цаашид байнгын ундаргатай 4 булгийг тохижуулж хамгаалалтад авах шаардлагатай байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close