Багш нарын тал нь ажил хаяж, тал нь ажиллаж байна

[starbox]
– Сургуулийн үүдэнд наасан цаасан дээр бичсэн ажил хаялтыг дэмжсэн уриалга бүхий үсгийг сурагчид ийнхүү гайхсан харцаар харж, ээлж ээлжээр унших аж. Эрдэм номын өргөө ирээдүйн тэмцэгчдийг төрүүлдэг их өргөө болчих вий. Асуудлыг багш нар ч, шийдвэр гаргагчид ч анхаарах биз ээ –
“Багшийн цалинг түр нэмүүлэх” хороо багш нарын цалинг 1.6 сая болгон нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 21-нд ажил хаялт зарласан. Багш нар өнөөдөр (2017.09.26) мөн ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Өчигдөр (2017.09.25) Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын “багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо” хуралдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн 50, цэцэрлэгийн багш нарын 80 хувь нь ажил хаялтад оролцохоо мэдэгдсэн аж.
Өнөөдөр ажил хаяхгүй гэсэн сургуулиудад хичээл хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, Улсын ууган сургуулийн нэг Монгол гуравдугаар сургуулийн багш нар хүүхдүүдээ хүлээн авчээ. Тус сургуулийн багш дунд ангийн багш н.Нармандах хэлэхдээ “Монгол Улс эдийн засгаар хямраагүй. Засгийн газар гурван сая иргэнийхээ цалинг нэмэх боломжтой” гэж үзэж байна. Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаа. Манай сургууль ажил хаях мэдэгдэх хуудасаа ажлын тав хоногт хуулийн байгууллагад өгч амжаагүй учраас өнөөдөр хичээллэж байна” гэсэн. Зарим багш нарын хувьд цалингаа шууд 1.6 сая болгохыг шаардаагүй ч тодорхой түвшинд нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж.
Тус сургуулийн харалдаа орших Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулиар орвол багш нар нь ажил хаялт зарласан байв. Хүүхдүүдийн шаагилдан өнждөг их өргөөний анги танимууд чимээгүй, хоосон ангид багш нар хуралдаж харагдсан. Тус сургуулийн бага ангийн багш Ч.Баярцэцэг хэлэхдээ “Бид эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн. Өнөөдөр бид гэнэт ажилт хаялт зарлаж байгаа юм биш. Олон жил цалингаа нэмүүлэхийг төр засгаас харж, хүлээсний эцэст аргаа барсандаа ийм шийдвэрт хүрч байна. Хэрвээ Засгийн газар багш нарын цалинг бага багаар ядаж 10 хувиар нэмээд байсан бол бид ажил хаялт зарлахгүй. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй. Бид цалингаа нэмүүлэх хүртлээ цаашид хугацаагүй ажилт хаялтад оролцоно” гэдгээ илэрхийллээ.
Сургуулийн үүдэнд наасан цаасан дээр бичсэн ажил хаялтыг дэмжсэн уриалга бүхий үсгийг сурагчид ийнхүү гайхсан харцаар харж, ээлж ээлжээр унших аж. Эрдэм номын өргөө ирээдүйн тэмцэгчдийг төрүүлдэг их өргөө болчих вий. Асуудлыг багш нар ч, шийдвэр гаргагчид ч анхаарах биз ээ.
Ажил хаялтад оролцож байгаа Нийслэлийн СБД-ийн 16 дунд сургуулиас хийсэн фото сурвалжлага
Ажил хаялтад оролцоогүй Нийслэлийн СБД-ийн Улсын тэргүүний 3 дунд сургуулиас хийсэн фото сурвалжлага