Иргэд нь АНУ руу нэвтрэх боломжгүй орнуудын тоо дахин нэмэгдлээ. Өдгөө энэхүү жагсаалтад Хойд Солонгос, Венесуэль, Чад гэсэн гурван улс бичигджээ. Цагаан ордны тайлбарласнаар энэхүү шийдвэрийг мэдээллийн хамтын ажиллагааны бодлого буюу бусад орнуудаас Америкийн тусгай албаныханд олгодог мэдээллийн үр дүнгээр гаргасан байна. Шинэ хязгаарлалт ирэх сарын 18-наас мөрдөгдөж эхлэх юм байна.
Үүнээс өмнө АНУ-д Иран, Йемен, Ливи, Сири, Сомали зэрэг улсын иргэдийн орж ирэхийг хориглосон билээ. Энэ хориг одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. Хари Судан улс энэ жагсаалтаас хасагдаж, нийтдээ найман улс хоригт багтжээ. Гэхдээ Хойд Солонгосоос Америкийг зорьж ирдэг хүмүүсийн тоо тун цөөн байдгийг Цагаан ордноос хүлээн зөвшөөрчээ.
Чад улсын хувьд АНУ-ын алан хядах ажиллагаатай тэмцэхэд чухал түнш ч энэ улс Америкийн засаг захиргаанаас шаардсан зарим мэдээллийг өгдөггүй гэжээ. Харин Венесуэлийн хувьд АНУ тус улсад саяхан эдийн засгийн хориг тавьсан. Тус улс мөн АНУ-д шалгах ажиллагаанд хамтран ажиллахаас татгалзсан, албадан гаргасан иргэдээ буцааж авах ажилд хойрго ханддаг, иргэд нь үндэсний болон олон нийтийн аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдагтай холбоотой гэнэ.
Цагаан ордны мэдээллийн хуудсанд тэмдэглэснээр Ирак улс мөн шаардлагатай зарим шалгуурыг хангахгүй байсан аж. Гэвч тус улсыг Исламын улс бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд АНУ-тай нягт хамтран ажилладаг тул жагсаалтад бүртгээгүй юм байна.
Түгээмэл бус арга хэмжээ
АНУ-д орж ирэх дүрмийг чангатгана гэдэг нь Дональд Трампын сонгуулийн өмнөх чухал амлалтуудын нэг байсан юм. Тэрбээр үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд ийм хориг тавих шаардлагатай гэж үзсэн билээ. Үүнд тэрбээр Парис, Лондон, Брюссельд гарсан алан хядах ажиллагааг жишээ болон татаж байсан.
Ингээд тангараг өргөх ёслолынхоо дараахан буюу нэгдүгээр сарын 27-нд цагаачлалын анхны зарлигаа гаргасан нь Америкийн нисэх онгоцны буудлуудад олныг хамарсан эсэргүүцэл дэгдэхэд хүргэсэн билээ. Тэрбээр Ирак зэрэг лалын шашинтан голдуу хүн амтай долоон улсаас иргэд АНУ-д хөл тавихыг хориглосон. Тэр ч бүү хэл Сирийн дүрвэгчдийг орж ирэхийг бүрэн хориглосон ч шүүхээр энэ асуудал цуцлагдсан билээ.
Шүүмжлэгчид Трампын цагаачлалтай холбоотой зарлигийг хэтэрхий лалын шашныг үзэн ядсан хэмээн үзэж, хэрвээ гэмт хэргийг тус улсад амьдардаг, Америкийн иргэншилтэй хүмүүс үйлдэж байвал тэрбээр яасан ч гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадахгүй гэсэн аж. Дональд Трамп ч шүүхийн асуудлаас гарахын тулд гуравдугаар сарын 6-нд зарлигаа дахин шинэчлэн гаргасан боловч шүүхэд бас л хэлэлцэгдэж, зургаадугаар сарын сүүлчээр л хүчин төгөлдөр болж эхэлсэн билээ.
Э.ЗАЯА
1 comment
Europ bas ene aluurchin humuustei ornuud aa ingej horig tavimaar ym