Өнөөдөр (2017.09.25) МАН-ын бага хурал болно. Энэ Бага хурлаар Их хурлаа хуралдуулах тов болон төлөөлөгч сонгох журам, мөн Ерөнхий сайд магадгүй Намын даргаа сонгоно. Мэдээллийн хэрэгслээр явж буй мэдээг дүгнэх юм бол У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын дуэль болох нь. Ө.Энхтүвшин. Намын дарга, олон жил төрийн өндөр алба хашсан ч түүний шийдэмгий бус, хэн нэгний далбаан дор явдаг, бодлого гаргагч биш зэрэг нь өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй, нийгмийн захиалгыг дагаж чадахгүй, намдаа ч улс оронд юм бүтээхгүй гэж олонх гишүүд үзэж байгаа.
У.Хүрэлсүх. АН-аас захиалгатай, Сү.Батболд, Ц.Нямдорж нарын дэмжлэгтэй явж байгаа нь намын бодлого хаашаа явах, 2020 онд энэ нам оршиж байх эсэхийг эргэлзээнд оруулж буй. Ерөнхий сайдын сэнтийгээр намын хамт олноо өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялсан намд зарчихсан байхыг үгүйсгэх арга алга. Ийнхүү ууган нам сонголтгүй сонголт хийх шахаанд оржээ. М.Энхболд АН-ын захиалгаар МАН дотор өрнөсөн У.Хүрэлсүхийн удирдсан бослогоор буланд шахагдан өнөөгийн намын дарга эрх мэдлээ түүнд алдах уу, залгамжлагчдаа үлдээх үү гэдэг асуудал энэ бага хурлын хамгийн чухал асуудлуудын нэг юм.
Үндсэндээ ойрын таван жил МАН-ын бодлого хаашаа явах, хэн гол дүр байхыг бүрэн бус ч шийднэ гэсэн үг юм. Бүрэн бус гэдгийн учир У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр сонгогдсон тохиолдолд түүнд намын даргын суудлыг М.Энхболд шийлжүүлэлгүй Намын их хурлаараа шийдвэрлэхээр хойш тавих болов уу. Энэ нь намын даргын суудалд очих хүн дүрмээрээ Намын дарга, Ерөнхий сайд болох, үгүйдээ 2 сар шахам хугацаанд хойш тавьж тэдний хоорондох дайн дахин үргэлжилнэ гэсэн үг юм. Энэ хооронд сөрөг хүчний дарамтанд орж 2 тал хоёул ихээхэн сулдсан байх болно. Гэхдээ дээрээс дэмжлэгтэй ноёны бөх У.Хүрэлсүх, М.Энхболдын санал болгох Ж.Эрдэнэбатаас илүү байр суурийг эзэлж амжина.
Өвгөн хүн өвдөг дороосоо хэмээн Ө.Энхтүвшинг гаргаж ирж байгаа нь М.Энхболдын алсын хараагүй, бодлогогүй, нийгмийн уур амьсгалаас тун их холдсон гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Угтаа залуу боловсон хүчнийг дэмжин гаргаж, ерөнхийлөгчийн багийн эсрэг сонголт бий болгосон бол түүнд арай илүү боломж байх байлаа. Нэгэнт мордохын хазгай болж, цаанаасаа захиалгатай тоглоомонд автсан учир М.Энхболдын УИХ-ын даргын суудалд удахгүй Ц.Нямдорж тухлах буй за. АН дотоод асуудлаа намжаахын тулд МАН-д гарсан зөрчлийг ашиглаж буй нь үнэн. Үнэндээ АН-ын залуучууд МАН-ын тоглолтыг анхааралтай харж өнгөрсөн үеэ музейд тавихаар бэлдэж байгаа.