[starbox]

Мехико хотод газар хөдлөлтийн үеэр нэгэн бага сургуулийн барилга нурснаас болж, 21 хүүхэд, насанд хүрсэн таван хүн амиа алдсан тухай Мексик улсын засаг захиргаанаас мэдээллээ. Үүнээс гадна нэг охин нурангин дороос амьд гарсан байна.

Одоогийн байдлаар Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 230 гаруй хүн амиа алдаад байгаа аж. Үүнээс гадна амиа алдагсдын тоо цаашид өсөх төлөвтэй байна.

Мексикийн төвийн хэсгийн ихэнх мужид томоохон сүйрлүүд учирсан. Орон даяар хэдэн арван барилга нурсан байна. Тухайлбал, мөргөлийн үеэр газар хөдөлж, сүм нурсан тохиолдол ч гарчээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 209 сургууль эвдэрч, 15 нь бүрэн нурсан байна.

Мехикод олон гэр бүл, ялангуяа хүүхэдтэй айлууд дахин газар хөдлөх вий хэмээн айсандаа цэцэрлэгт хүрээлэн, гудамжинд хоногложээ. Үүнээс гадна 3.8 сая хүн гэрэл, цахилгаангүй болсон тухай өмнө нь мэдээлсэн.

Газар хөдлөлт мягмар гарагийн 13:14 цагийн үед гарсан. Энэ үеэр олон мянган хүнийг яаралтай гадагш гаргасан аж.

Газар хөдлөлтийн голомт нийслэл Мехикогоос 120 км-ийн зайд орших Пуэбла мужийн Атенсинго хотоос холгүйхэн 51 км-ийн гүнд мэдрэгдсэн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.

Мехикогийн аврах албаныхан 10 мянга орчим хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлтийн 32 жилийн ойг тохиолдуулан гамшгийн үр дагавартай тэмцэх сургуулилт явуулах үеэр энэхүү газар хөдлөлт тохиожээ.

Сургуульд юу тохиолдсон бэ?

Мехикогийн өмнөд дүүргийн Энрике Ребсамен дунд сургуулийн барилга бүрэн нуржээ. Мексикийн Боловсролын сайд Аурелио Нуньогийн хэлснээр барилгаас 11 хүнийг аварсан бөгөөд хоёр хүүхэд, нэг том хүн сураггүй алга болсон гэнэ.

Ингээд нийтдээ 21 хүүхэд амиа алдсан байна. Орон нутгийн хэвлэлд үүнээс ч олон хүүхэд сургуулийн барилгад даруулж амиа алдсан гэж бичиж байна. Харин сургуулийн барилгын нурангийг 500 цэрэг, 200 цагдаа, түүнчлэн сайн дурынхан ухаж байна. Нурангин дороос  амьд үлдсэн охины нэрийг зарлаагүй аж.

“Ройтерс” агентлагт бичсэнээр аврагчид нурангин дороос гараа хөдөлгөж байгаа хүүхдийг олж харсан гэнэ. Түүнчлэн аврах ажиллагааны үеэр гэмтэж бэртсэн хүмүүст тусгай шахуургын тусламжтайгаар ус өгчээ.

Мексикт яагаад газар их хөдөлдөг вэ?

Үүний гол хариулт нь тус улсын газар зүйн байрлалтай холбоотой. Тус улс Номхон далайн “галт бүс”, Номхон далайн цагираг хэмээн алдаршсан газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд байрладаг. Энэхүү цагираг нь Номхон далайн периметрийн дагуу, Азийн зүүн эрэг, Хойд, Латин Америкийг хоёуланг нь хамардаг аж.

“Дэлхийд гардаг газар хөдлөлтийн бараг 90 хувь нь (хамгийн хүчтэй газар хөдлөлтийн 80 хувь) галт бүс орчимд тохиодог” хэмээн Перугийн Газар хөдлөлт судлал, геофизикийн хүрээлэнгийн захирал Эрнандо Тавера “ВВС” агентлагт мэдээлжээ.

Баруун хэсэгт Мексикээс гадна Эквадор, Чили, АНУ, Перу, Болив, Колумб, Панам, Коста-Рика, Никарагуа, Сальвадор, Гондурас, Гватемал, Канадын зарим хэсэг “галт бүс”-эд ордог байна.

“Номхон далайн ёроолд хэд хэдэн тектоник хавтан байрладаг бөгөөд “галт бүс” орчимд газар хөдлөлтийн идэвх өндөр байдаг нь тэдгээрийн сэлгэх хөдөлгөөн, бие биедээ даралт учруулах зэрэгтэй холбоотой. Үүнээс болж чөлөөлөгдөхөд шаардлагатай эрчим хүч хуримтлагддаг” хэмээн Тавера хэлжээ.

Үүнээс гадна “галт бүс” орчимд дэлхийн сөнөсөн болон ажиллагаатай галт уулсын 75 гаруй хувь нь байрладаг. Энд нийт 452 өрх тоологддог аж.

Мексикийн хувьд үүнээс хоёр долоо хоногийн өмнө Чьяпас мужид Тонал хотоос зүүн урагш 137 км-т газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн. Энэ үеэр Попокатепетль галт уулын ойролцоох сүмд шашны ёслол болж байсан бөгөөд 15 хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн улмаас галт уул ч бага хэмжээгээр оргилсон. Пуэбла мужийн Атцала хотод хүүхэд адислах үеэр сүм нурж, дөнгөж төрсөн нярайтай нийлээд 11 хүн амиа алдсан байна.

By updown

One thought on “Сургуулийн нурангин дороос нэг охин амьд гарчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн