Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.
Сургалтад прокурорууд, Авлигатай тэмцэх газрын болон Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагч нар, Монголбанкны албан хаагчид оролцож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Интерпол, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүд сургалтыг явуулж, харилцан мэдлэг, туршлагаа солилцох юм.
Уг сургалтыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нээж хэлсэн үгэндээ, асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ цаг үед аливаа улс орон ганцаараа оршиж чадахгүйн адил нэг улс орон дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Иймээс ямар ч улс орны авлигатай тэмцэх байгууллага бусад улс орон, олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гадаадын улс орнуудын сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлийг олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь маш чухал болохыг онцлон тэмдэглээд мөрдөн шалгах аргачлал, албан болон албан бусаар мэдээлэл олж авах, эрх зүйн туслалцааны хүсэлт, олон улс, бүс нутаг болон улс орны авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл зэрэг онц сонирхолтой, өндөр ач холбогдолтой сэдвүүдийг судлах энэ удаагийн сургалтад идэвхтэй оролцож, үр өгөөжтэй хамтран суралцахыг оролцогчдоос хүсэв.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс “Олон улсын хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх үйл хэрэгт маш чухал нөлөөтэй. Хоёр өдрийн турш та бид харилцан туршлага судалж, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж олдож байна. Бид онц залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүйявдал юм. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, авлигатай тэмцэх болон цагдаа, мөн төв банкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна” гэж хэллээ.
Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес Гранадос Гозалис нар хийж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
1 comment
авилгачдыг дэмжих газар биздээ одоо албыг татан буулгаа