Дэлхийд

Курдистан Иракаас салан тусгаарлаж чадах уу?

-Хэрвээ Иракийн хүн амд хууль бус хүч хэрэглэх аюул заналхийлэл учирвал бид шууд цэрэг дайны халдлага хийхэд бэлэн гэж Иракийн Ерөнхий сайд мэдэгдээд байна-

Иракийн Холбооны шүүхээс энэ сарын 25-нд Иракийн Курдистанд тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулах нь хууль бус гэж үзлээ. Энэхүү шийдвэрээс өмнөхөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш уг санал хураалтыг түр хойшлуулах санал тавьсан билээ. Бүх нийтийн энэхүү санал хураалттай холбогдуулан хүч хэрэглэх ч болзошгүй талаар Багдад, Анкара, Тегеранаас анхааруулсан байна. Харин Эрбилийнхэн дэлхий нийтийн дуу хоолойг сонсож, Ойрхи Дорнодод шинэ мөргөлдөөн гаргахаас зайлсхийж чадах болов уу?

Хэрүүлийн алим болсон бүх нийтийн санал хураалт

Ойрхи Дорнодод тайван байдлыг алдагдуулагч шинэ зүйл гарч ирлээ. Сири, Иракт Исламын улсын алан хядагчдыг устгахад томоохон хувь нэмэр оруулж явсан курдууд олон улсын шинэ зөрчилдөөний гол хөдөлгөгч хүч болон хувирчээ. Одоохондоо тэд тэмцлээ зөвхөн үг хэлээрээ илэрхийлж буй ч мэдэгдэл бүр нь сүрдүүлэг маягийн шинж чанартай болж эхэлжээ.

Хэргийн гол буруутан нь Иракийн бүрэлдэхүүнд багтдаг өөртөө засах муж болох Иракийн Курдистанд энэ сарын 25-нд бүс нутагт явуулахаар товлосон тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт юм. Энэхүү санаачилгыг бүс нутгийн улс төрийн ихэнх томоохон хүчнийхэн дэмжсэн байна. Тэгэхээр бүх нийтийн санал хураалт зөвхөн Масуд Барзанийн дэглэмийн хяналтад байдаг бүсэд төдийгүй Сулейманияд төвлөрсөн сөрөг хүчний бүс, курдуудын хилийн чанадад эзэлсэн газар нутаг, тэдгээрийн өөртөө засах тойрог, тухайлбал, Хойд Иракийн нефть хийн аж үйлдвэрийн төв болох Киркукад болно гэсэн үг.

Энэхүү бүх ард түмний санал хураалтыг Багдадаас албан ёсоор улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд түүний үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Иракийн удирдлагууд ч үүнийг хууль бус үйлдэл хэмээн нэг бус удаа мэдэгдэж, тус улсын парламентаас санал хураалтыг цуцлахыг дэмжсэн байна. Харин энэ сарын 18-нд Иракийн Холбооны шүүхээс бүх нийтийн санал хураалт явуулахыг хоригложээ. Гэвч Багдадаас гарч буй ямар ч шийдвэр, мэдэгдэл Эрбилийг товлосон зүйлээсээ няцахад хүргэхгүй бололтой.

Хэргийн гол учир нь АНУ 1991 оноос “Цөлийн шуурга” ажиллагаа явуулах үеэр курдын зэвсэгт бүлэглэлийнхэн дэмжиж, Иракийн Курдистан бараг л тусгаар тогтносон байдалд оржээ. Иракийн Курдистан өөрийн гэсэн засаг захиргааны байгууламж, пешмерга армитай бөгөөд арми нь Исламын улстай дайтах чадвартай болохоо харуулж чадсан.

Курдистанд үйл ажиллагаа явуулдаг компаниуд (нефть ихтэй гэж дээр өгүүлсэн) Иракийн удирдлагуудад бус, орон нутгийн Засгийн газарт ээлтэй хандан олборлолт явуулдаг. Тэр ч бүү хэл Эрбильд Орос, АНУ, Израиль, Саудын Араб зэрэг томоохон гүрнүүдийн төлөөлөгчийн газрууд байрладаг байна. Ерөнхийдөө энэ нь консулын албатай төстэй ч бүрэн эрхт дипломат байгууллагын үүргийг бараг гүйцэтгэдэг аж. Курдууд Ирактай зөвхөн мөнгөний нэгж болох динараараа л харьцдаг. Тус улсын парламент дахь курдын гишүүд иракчуудтай Исламын улс гэсэн үндсэн нэг дайсантай.

18291_original-300x225 Курдистан Иракаас салан тусгаарлаж чадах уу?

“Бүх нийтийн санал хураалт мэдээж болно. Яагаад гэвэл энэ бол курдуудын олон арван жилийн турш явуулж ирсэн гол чиг шугам” хэмээн Оросын Инновацийн хөгжлийн хүрээлэнгийн лалын судалгааны төвийн дарга, шинжээч Кирилл Семенов мэдэгджээ.

Шинжээчийн хэлж буйгаар курдууд ерөнхий институцээ аль хэдийнэ байгуулчихсан өөрсдийн гэсэн улс орноо бий болгох үйл явцаа дуусгахыг эрмэлзэж байгаа аж. Бүх нийтийн санал хураалтыг зайлшгүй явуулах болсон бас нэгэн хүчин зүйл бол Иракийн Курдистаны удирдагчийн хувийн амбиц гэжээ. “Барзани үүнд маш том найдлага тавьж байгаа. Хэрвээ тэр бүх нийтийн санал хураалтаасаа татгалзчихвал курдуудын дунд имиж нь эрс унах болно” хэмээн улс төр судлаач тэмдэглэжээ.

Харин хамгийн сүүлд түүхэн тохироо нь яг бүрдээд байгаа юм. Өдгөө дэлхий нийтийн өмнө курдууд Исламын улстай тэмцэг гол хүчин болон харагдаж байгаа. Үүнээс гадна Ирак дахь төв Засгийн газар нь сулхан байгаа үед тусгаар тогтнолоо зарлах нь хамгийн таатай үе болоод байгаа аж. “Тэд өөр цаг үед ийм боломж, бололцоо гарахгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа” хэмээн Кирилл Семенов тэмдэглэжээ.

Бүгд эсэргүүцэж байна

Исламын улстай тэмцэх шаардлагатай гэдэг шалтгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш курдуудэд бүх нийтийн санал хураалт явуулахаа хойшлуулахыг уриалжээ. Түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн тэмдэглэснээр Ерөнхий нарийн бичгийн дарга “Иракийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нэгдлийг хүндэтгэж байгаа” гэнэ. Түүний үзэж буйгаар Эрбиль, Багдадын хооронд хэлэлцээр, зөвшилцлийн үр дүнд асуудлаа шийдэх ёстой гэжээ.

“Яг энэ цаг мөчид бүх нийтийн санал хураалт явуулах асуудлыг нэг талаас шийдвэрлэх нь Исламын улс ялагдал хүлээхэд хүргэнэ” гэж Гутерреш үзсэн байна. Энэхүү байр суурийг курдуудын тусгаар тогтнох эрхийг үгүйсгэдэггүй АНУ ч дэмжиж байгаа юм. Тэд энэхүү санаачилгыг цагаа олоогүй гэж мэдэгджээ. Ялангуяа курдууд Исламын улсаас булаан авсан дүүргүүдэд энэхүү бүх нийтийн санал асуулгыг явуулах гэж байгаа нь Вашингтоны санааг ихэд зовоож байна. Трампын засаг захиргааны мэдэгдэлд “Маргаантай дүүргүүдэд бүх нийтийн санал хураалт явуулах нь өдөөн хатгалга байж, нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна” хэмээжээ.

Иракийн хөршүүд болон Турк, Иран ч бүх нийтийн санал хураалт явуулахад дургүй байгаа бөгөөд бүх нутагт нөхцөл байдал тогтворгүй болсон нөхцөлд хүч хэрэглэхээр төлөвлөж байна. Харин Иракийн Курдистанд бүх нийтийн санал хураалт явуулахыг дэмжсэн цорын ганц улс орон нь Израиль юм. Израиль нь курдуудын эртний түнш, Арабын хөршүүд болон Иранаа сулруулах сонирхолтой аж.

Цэргийн халдлага хийхэд бэлэн гэв

Хэргийн гол учир нь Иракийн Курдистанд явуулах гэж буй бүх нийтийн санал хураалтыг зөвхөн Ирак төдийгүй Сири, Иран, Туркийн дотоод аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулахуйц зүйл гэж үзэж байна. Учир нь курдууд эдгээр орны хил орчмуудаар аж төрдөг юм. Үүнээс гадна тэнд тусгаар тогтнолыг дэмжсэн салан тусгаарлах хөдөлгөөн ч өрнөх магадлалтай байгаа аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган л гэхэд уг асуудалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаа есдүгээр сарын 27-ноос наашлуулж, энэ сарын 22-нд хийхээр болжээ. Энэ өдөр Туркийн Ерөнхийлөгч АНУ-аас эргэж ирэх бөгөөд наана нь Ерөнхийлөгч Трамптай курдын асуудлаар хэлэлцэх гэж байгаа аж. Үүнээс гадна энэ сарын 18-нд Туркийн цэргүүд Иракийн Курдистантай хиллэдэг хэсэгтээ төлөвлөгөөт бус цэргийн сургуулилт явуулсан байна.

Тэгвэл Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади бүх нийтийн санал хураалттай холбоотой хамгийн хатуу үг хэлсэн хүнээр тодорч байна. Тэрбээр “Хэрвээ Иракийн хүн амд хууль бус хүч хэрэглэх аюул заналхийлэл учирвал бид шууд цэрэг дайны халдлага хийхэд бэлэн” гэж мэдэгджээ. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар Иракийн удирдлагуудын гол дургүйг хүргэж байгаа нэг зүйл нь курдын өөртөө засах улсын бүрэлдэхүүнд багтдаггүй Киркукад бүх нийтийн санал хураалт явуулах гэж байгаа явдал гэнэ. “Энэ хүчин зүйлсээс бол цаашид Багдадтай зөрчилдөж болзошгүй. Яагаад гэвэл тэнд нефтийн орд бий” хэмээн Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Балмасов RT-д мэдэгджээ.

Э.ЗАЯА

Эх сурвалж: RT

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close