Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз өчигдөр (2017.09.19) нуржээ. Осол 16:00 цагийн орчимд А бүлэгийн бие засах өрөөнд гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хүүхдүүд бэртэж гэмтээгүй ч 45 хүүхэд цэцэрлэгтээ явах боломжгүй болсон аж.
Энэ цэцэрлэг анх 1979 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байгуулагджээ. Гэвч өнөөдөр 600 хүүхэд хүлээн авч байгаа. Цэцэрлэгийн удирдлагуудын хэлсэнээр ашиглалтанд ороод 39 жил болохдоо зуны улиралд борооны ус дээврээс дотогш дусч цахилгаан нь байнга массладаг болсон байна. Дээвэрт засвар хийлгүй удсанаас болж тааз муудаж, нурах шалтгаан болжээ.
Ослын газарт шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллага дүүжин тааз хийсэн ДСП хавтан илжирсэн нь осол болох шалтгаан болсон гэж үзжээ. Тус цэцэрлэгийн таазны засварыг өнгөрсөн хугацаанд ямар компани хариуцан хийж байсан. Тэд гүйцэтгэсэн ажлаа мэргэжлийн дагуу хийгдсэн эсэхийг шалгасны дараа эцсийн дүгнэлтээ гаргах юм байна.