Нийслэл хот байгуулагдсаны түүхт 378 жилийн ой ирэх сарын 29-нд болно. Энэ өдрийг угтан өнөөдөр (2017.09.19) Сүхбаатарын талбайд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т харьяа байгууллага, хэлтэс оролцож байгаа юм. Тухайлбал, Цагдаагийн I, II хэлтэс иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байгаа аж. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс иргэдийг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 550 иргэн шинэ ажлын байртай болжээ.
Өдөрлөгт оролцохоор ирсэн иргэдийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах, халдварт өвчний үзлэг, зөвлөгөө өгөх, төрсний гэрчилгээ олгох, гэрлэлт бүртгэх, үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах болон газар өмчлөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг шуурхай хүргэж байгаа аж. Энэхүү арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.