Ази Номхон далайн бүсийн 900 сая хүн “Транспарэнси интернэшнл” байгууллагаас “төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд авлига өгдөг үү” гэсэн явуулсан судалгааны асуултад хариулсан байна. Авлигын төсөөллийн индексийн судалгааг анх 1996 онд 50 орныг хамруулан хийж эхэлсэн бол энэ удаа 176 орны иргэд хамрагджээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 900 хүн тутмын нэг нь эрүүл мэнд, боловсрол, шүүх цагдаа, аливаа зөвшөөрөл авах, улсын сургууль, эмнэлэгт авлига өгсөн гэж мэдэгдсэн байна.
Монгол Улс 2015 онд авлигын индексээр 39 оноогоор 168 орны 72-т жагссан бол 2016 онд 38 оноогоор 176 орны 87-д жагсаж, 15 байраар ухарчээ. Монгол Улстай оноогоор Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд ойролцоо явж байна. Харин ОХУ 131-т, БНХАУ 79-т жагсчээ.
Судалгаанд оролцсон улс орноос Монгол, Өмнөд Солонгос, Малайз гэсэн гурван орны иргэд Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааг хангалтгүй гэж үзсэн аж. Орлогын төвшин багатай, ядуу орнуудад авлигын төвшин өндөр гарсан гэж судалгаа хийсэн байгууллага хэлж байна. Тиймээс Ази Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газрууд авлигатай тэмцэх тал дээр бодитой ажлуудыг хийх шаардлагатай хэмээн зөвлөсөн байна.
“Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын Засгийн газруудад өгсөн зөвлөмж:
Засгийн газрууд Авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох,
- Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх Шүгэл үлээгчдийн эрхийгхамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох,
- Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох,
- Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж:
- Улстөрчид авлигыг бууруулах лоозон төдий биш бодит санаачлага гаргах хэрэгтэй
- Улстөрчид амлалтаа биелүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй
- Авлигатай тэмцэх газрыг улам бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага хэрэгцээ байна.