МАН “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газраа огцруулж, үүрэг гүйцэтгэгч сайд нартай болсон энэ өдрүүдэд Ж.Эрдэнэбатаар овоглосон энэ танхимын үйл ажиллагаанд иргэд өөр өөрсдийн дүнг тавьж буй. Ийм үед энэ Засгийн газар дахь мэргэжлийн сайд нарын нэг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.
Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан энэ эмэгтэйг хүмүүс ганц жилийн хугацаанд сайд гэдгээр нь тэр бүр таньж амжаагүй байж магадгүй. Гэхдээ өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг айл гэрт ойртуулж, ЭМД–ийн мөнгийг эргэлтэд оруулан иргэдэд үр шимийг нь хүртээж, эрүүл мэндийн салбар дахь улсын болон хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж чадсанаараа А.Цогцэцэг сайд эрүүл мэндийн салбартаа өөрийн түүхийг үлдээж амжсаныг энэхүү ярилцлагаас уншаарай.
-Парламентад олонхийг бүрдүүлсэн МАН Засгийн газраа огцруулсан тохиолдол анх удаа боллоо. Гэнэтийн гэж хэлж болох энэ шийдвэрийг Засгийн газрын гишүүний хувьд Та хэрхэн хүлээн авав.
Өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явцын талаар юу хэлэх вэ?
-Ер нь бол үйл явц их хурдан өрнөж дууссан. Яагаад ингэж их яараад байгааг ойлгоогүй. Бид дотроо учраа олж чадсангүй ээ. Аливаа зүйлийн шалгуур цаг хугацаа байдаг учраас одоогийн өрнөж байгаа асуудлын зөв, бурууг 2020 оны сонгууль л дүгнэх болов уу. Цаашид тогтвортой хөгжил, эв нэгдэл, ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэсэн гурван зүйлийг бодолцож дараа дараачийн шийдвэрээ гаргаасай л гэж хүсэж байна.
-“Мэргэжлийн” Засгийн газар маань хамгийн богино хугацаанд засаг барьсан Засгийн газраар тодроод байгаа. Энэ хугацаанд Та юу хийж амжив. Бас юу хийж амжсангүй вэ?
-Ажил хийе гэвэл арга олддог хийхгүй гэвэл шалтаг олддог гэж үг байдаг даа тийм учраас хийе гэсэн хүнд тийм ч богино хугацаа биш шүү. Салбарын хувьд надад ямар нэг хугацаагаар судлах, суралцах, танилцах шаардлага байгаагүй. Энэ бол миний мэргэжлийн салбар. 30 жил тогоонд нь чанагдаж сүүлийн 15 жил нь эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийсэн хүний хувьд өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүллээ.
Дэлхийн хэмжээнд 400 сая хүн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй, бага, дунд орлоготой улс орнуудын хүн амын зургаан хувь нь эрүүл мэндээс шалтгаалан ядууралд ордог ба жил бүр 100 сая хүн эрүүл мэндийн зардлаас шалтгаалсан ядууралд өртдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Иймд төрийн бодлогыг зөв явуулахын тулд “Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого 2017-2026”-г богино хугацаанд боловсруулж батлуулсан. Намайг ажил авахад бодлогын чанартай бичиг баримтуудын хугацаа дуусаад хоёр жил орчим болж байсан.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн асуудал, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог хэрхэн яаж сайжруулах гэх мэтчилэн бүх чиглэлийг хамруулан бодлогоо гаргаж чадсан нь чухал байлаа. Гэхдээ санаа зовоож байсан хэд хэдэн асуудал байсан. Эхний асуудал нь эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 63.3, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 22.4 байлаа. Харин одоо эхийн эндэгдэл 21.1 буюу гурав дахин, хүүхдийн эндэгдэл 0.7 дахин буурлаа. Энэ бол манай баг хамт олны бахархал.
Хоёр дахь асуудал нь өвчин эмгэг туссанаасаа болоод иргэдийн маань халааснаас гарах зардал эрүүл мэндийн нийт зардлын 41 хувийг эзэлж байсан. Уул нь олон улсад 30 хувиас хэтэрвэл аюултай байдал гэж үздэг. Иймд тусламж үйлчилгээнд иргэдээс авах зардлыг багасгах ажлуудыг үе шаттайгаар хийлээ. Тухайлбал, Гемодиалезийн тусламж буюу бөөрний дутагдалтай иргэдийн амьд явах, эсэхийг нь шийддэг энэхүү тусламжийн зардлыг төрөөс хариуцаж төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдэж, тэдний амьдралын чанарыг уртасгасан.
Мөн тэдний чирэгдлийг нь багасгах зорилгоор 21 аймагт Гемодиалезийн тасагтай болсон. Өмнө нь бол бөөрний дутагдалтай, диалезийн аппаратад ордог нэг иргэний жилийн зардал 26 сая байсан. Үүнийгээ гаргаж чадахгүйгээсээ болоод олон хүн хорвоогийн мөнх бусыг үзэж байлаа. Тэгвэл одоо иргэнээс зардал чирэгдэл гарахгүйгээр бүрэн шийдсэн нь гэр бүл хүртэл баяр баясалтай элэг бүтэн амьдарч байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах (Элэг, бөөр, ясны чөмөг)асуудал маш өндөр өртөгтэй бас л иргэн болон гэр бүлийг ядууралд оруулж байсан хүнд асуудал байсан. Гадаадад явж эмчлүүлнэ 100-300 сая төгрөгийн өртөгтэй. Тэгвэл одоо эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах багтай, түүнд зарцуулах санхүүжилтийг нь бүрэн шийдсэн. Хагалгааны хэрэгслийн үнийг даатгалд хамруулж, үлдсэн бусад урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлээд эхэлсэн.
Өндөр өртөгтэй хийгддэг дурангийн болон судсан дотуурх мэс засал, хавдрын болон гэмтэл, эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээний хэрэгслийн зардлыг ЭМД-ын сангаас олгодог болсон. Өмнө нь бол эмч нар нь тэндээс эндээс тэр эмийн сангаас аваад тийм юм тэр брэндийнх гэдэг байсан бол одоо тэр байдал байхгүй болсон. Тэгэхээр эмч нь бизнесс хийгээд ашиг сонирхолын зөрчил гаргаад ч байгаа юм шиг байсныг үгүй болгож цэг тавьсан.
Гадаадад явах эмчилгээний урсгалыг багасгах зорилгоор нийт 39 төрлийн өвчнөөс энэ жил долоон нь Монголдоо эмчилдэг болсон. Ирэх жил 28 өвчнийг эмчилдэг болгохоор 98 эмч мэргэжилтнийг гадаадад багаар нь сургахаар бэлэн болоод байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж оношилгоог 100 хувь даатгалаас, С вирусийн эсрэг эмийн хөнгөлтийг хайрцаг дутмаас 210000, нэг курсээс нь 630000 төгрөгний хөнгөлтийг даатгалаас олгож байна. Энэ хөтөлбөр Монгол Улсад төдийгүй олон улсын анхаарлын төвд байна. Удахгүй хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор эрсдэлт насанд нь хийх шаардлагатай өвчин эмгэгүүдийн эрт оношилгоог хийхээр бэлтгэл ажил хангагдлаа.
Гурав дахь санаа зовоосон асуудал бол эмнэлгийн тусламж үзүүлхэд бүх шатны эмнэлгүүдэд стандартын шаардлага хангагдахгүй байна. Энэ нь төсөв хөрөнгөний хомсдолоос шалтгаалсан тоног төхөөрөмжийн хангалт хүртээмж, аюулгүй байдал алдагдсан, хүний нөөцийн зохисгүй харьцаа, халдвар хамгаалалын дэглэм алдагдсан ажлын байр байшин зэрэг нь үнэхээр хүнд байна л даа. Наад зах нь л аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд компютер томограф битгий хэл рентген ч үгүй байна. Орон нутагт дуудлагад явдаг машинууд нь эвдэрсэн. Эмч нар нь ар гэрийн нь юм уу өөрсдийнхөө хувийн машинаар явдаг.
Төрөлжсөн том эмнэлгүүдэд нь компьютер томограф, MRI байхгүй, Ангиографийн аппарат нь хүчин чадлаа даахгүй зогсолтгүй ажиллаад засвар үйлчилгээ хийх мөнгө байхгүй зогсчихсон. Том эмнэлгүүд нь ачаалалаа дийлэхгүй иргэд нь чирэгдэл ихтэй, эмч ажилчид нь нормоосоо илүү хүнд үйлчилж, ядарч туйлдсан. Авдаг цалин нь амьдралд нь хүрдэггүй нийгмийн халамж гэж байхгүй ийм л бодит үнэнтэй тулгарсан. Өмнөх засагт мөнгөтэй үе ч байсан, мөнгөгүй үе ч байсан л байх. Энэ салбарыг ингэж урсгалаар нь явуулж болохгүй санагдана. Хамгийн их үнэтэй салбар бол эрүүл мэндийн салбар байх ёстой. Тийм учраас юуны өмнө хөдөө орон нутгийн яаралттай түргэн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт сумдын 70 хувь буюу 179 сумыг шинэ машинтай болгож анх удаа ийм том парк шинэчилэлт хийсэн.
2018 онд гадаадын зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал “Эмнэлгийн тусламж үйлчилгээ 21 аймагт” төсөл хийж үнэлгээний баг ажиллаж энэ үнэлгээнийхээ дагуу аймаг бүрт хүчилтөрөгчийн үйлдвэр барих, компьютерийн томограф, дурангийн мэс заслын иж бүрдэл, рентген, ВС вирус тоолдог Gene-expert аппарат, шарил хадгалах хөргөгч эхо аппаратаар бүрэн хангахаар шийдвэрлэсэн.
Төрөлжсөн мэргэжлийн төв, III шатлалын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийн хүрэлцээ хангамж аюулгүй байдлыг харгалзан технологийн эрс шинэчлэлт хийх шаардлага гарсан. Иймд компьютер томограф, MRI, Ангиографийн аппаратуудаас гадна бусад өндөр технологи шаардсан, Монголд эмчилдэггүй өвчин эмгэгийг эмчилэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг 2018 онд авахаар тусгасан байгаа. Хэд хэдэн Засгийн газар дамжсан 16 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан. Ер нь шинэ технологи нэвтрэх тусам түүнийг дагасан олон зардлууд нэмэгддэг үүнийг зөв тооцож зөв төлөвлөх бас төр, засаг дэмжих хэрэгтэй.
Түүнчлэн үйлчлүүлэгчдийн ачаалалтай байдал, хүлээгдэл чирэгдэлийг багасгах зорилгоор улсын таван том эмнэлгийг хоёр ээлжинд оруулж ажлын өдөр орой 21.00 цаг, бямбад 10.00-15.00 цаг хүртэл ажиллахаар болгож нийт 203 эмч, сувилагчийг шинээр ажилд оруулсан. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлөөс үүссэн зарим онцлог, тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлсэн. “Амгалан” амаржих газар төрөх эмэгтэйчүүдийн 50 ортой тасаг шинээр, ЦНТЭ-т хүүхдийн 50 ортой тасаг шинээр, УХТЭ-т хүүхдийн 50 ор нэмж ажиллуулсан. Орон нутгаас хэвтрийн хүнд өвчтөнг агаараар тээвэрлэх тохиолдолд гурван хүний суудлын үнэ хөлс авдаг байсныг нэг хүнийхийг нь авдаг болгож тэр үнээсээ 98 хувийн хөнгөлөлт үзүүлдэг болсон.
Дөрөв дэх санаа зовоосон асуудал бол өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд төр засгийн анхаарлыг хандуулах асуудал байсан. Ард иргэдээ өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг байх ёстой тийм учраас ганц эрүүл мэндийн салбарын хийх ажил биш. Төрийн болон төрийн яамдын салбар дундын оролцоо их чухал байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн хүн эрүүл байя гэвэл, иргэнээ төр нь эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалъя гэвэл иргэдийн мэдлэг хандлага, тэднийг өвчлөхөөс нь өмнө хамгийн бага зардлаар урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндэд чиглэгдсэн ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэнд эрүүл байхын үндэс бол 55 хувь нь өөрийнх нь амьдарлын хэвшлээс, 25 хувь нь амьдарлын орчин нийгмээс, 10 хувь нь удамшлын шалтгаантай, 10 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдлаас шалтгаалдаг гэсэн дэлхий нийтийн баримталдаг онол байдаг. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь их чухал гэж үзэн 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгож Тусгай сангийн хуулинд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн дэмжих санг сэргээж 21 аймагт нийгмийн эрүүл сургалт зохион байгуулж байна.
Мөн Сингапурт Темасеки сангийн санхүүжилтээр нийгмийн 160 ажилтныг бэлтгээд байна. Боловсролын сургалтын хөтөлбөрт нь нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр хасагдсан байсныг нэмж орууллаа. Эрүүл мэндийн салбарынханд болон эрүүл байхыг хүссэн хүн бүрт зориулсан аливаа өвчин эмгэгээс сэргийлсэн ширээний ном хэвлэгдэн гарах гэж байна. Мөн халдварт бус өвчнийг бууруулах зорилгоор Архигүй, тамхигүй аймаг, сум, хороо, дүүрэг, шалгаруулах гурван сарын аян зохион байгуулах гэж байна.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөдөө орон нутагт их хүндрэлтэй байдаг. Та энэ тал дээр юу хийв. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгаар хэр ажиллав?
-Миний хувьд өнөөдрийн байдлаар гурван аймгаас бусад бүх аймгаар явж ажилласан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх нөхцөл маш муу байна гэж мэргэжлийн хүний нүдээр харж дээрх арга хэмжээнүүдийг авсан. Наад зах нь ренген аппаратгүй, эхогүй аймгийн төвийн эмнэлэг ч байна. Ихэнх аппарат нь засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан нэг байхад зарим аймагт нь бүтээлэгтэй хүчин чадал өндөртэй аппаратууд огт ажиллаагүй байх жишээтэй.
Ер нь аппарат тоног төхөөрөмж хүртэл хэрэгцээ шаардлагадаа л тохирсон юм байх ёстой шүү дээ. Нэг удаа зуу зуугаар нь шинжилгээ хийж байж хүчин чадал нь бүрэн гардаг аппарат хэрэгсэл нь өдөртөө 20-30 хүний шинжилгээ хийдэг газар ажиллахаар эмнэлгийн урвалжийн төсөв чинь яаж хүрэх вэ. Тэгэхээр зохицуулалт хийж байна. Одоо юутай ч сумын эмнэлгүүд түргэн тусламжийн машинаар бүрэн хангагдсан. Хөдөөд 20 гаруй суманд АХБ-ны болон бусад олон улсын байгууллагын санхүүжилтээр эмнэлэг барихаар болж байна. Өрх, сумын эмнэлгийн нэг иргэнд ногдох зардлыг нэмж зарим тусламж үйлчилгээг ЭМД-аас санхүүжихээр болгож байна.
Ингээд бие даасан байдлыг нь дэмжээд өгвөл өөр болно гэж харж байгаа. Аймаг, дүүрэг, сумын эмнэлгийн стандартад хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр нь 2018 онд хангахаар улсын төсөв ба олон улсын хөнгөлттэй зээлэнд хамруулсан байгаа. Тухайлбал 21 аймагт дурангийн мэс засал хийе, элэгний В С вирусийн оношилгооны аппарат хэрэгслээр хангаж орон нутагт нь хийдэг болгоё, цусны шинжилгээ хийх боломжгүй байгаа, рентгений аппаратгүй компьютергүй байгаа аймгуудаа бүрэн хангах үүн дээр ажиллах инженер техникийн ажилтнууд, эмч мэргэжилтнүүдээ одооноос сургаж бэлтгэх зэрэг ажлууд хийж байна. Орон нутгийнхаа эмч мэргэжилтнүүдээ гадаад дотоодын сургалт, зайн болон Online сургалтад хамруулж ирлээ.
-Нарийн мэргэжлийн олон эмч нарыг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлийг нь дээшлүүлж, Монголд эмчилдэггүй өвчнүүдийг эмчилдэг болно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Гадаад руу явдаг эмчилгээний урсгалыг багасгах чиглэлээр тодорхой ажлууд хийж эхэлсний нэг нь өөрийн тань хэлсэн энэ ажил юм. Энэ жил долоон өвчнийг Монголдоо эмчилдэг боллоо. Ялангуяа судсан дотуурх мэс ажилбаруудыг эх орондоо хийдэг болсон. Энэ бол өртөг өндөртэй, эмч нарын ур чадвар шаардсан ажил. Ийм ажлуудыг бид бүрэн төгс хийж чадсан.
Ирэх жил энэ тоог нэмж 28 болгохоор зорьж, багаар нь өндөр хөгжилтэй оронд сургахаар явуулж байна. Энэ 28 багт нийт 98 эмч, техникийн ажилтнууд хамрагдана… Одоо монгол эмч нарын ур чадвар өндөр болсон. Харин тэднийг төрөөс дэмжих нийгмийн халамж, цалин урамшуулалыг нь л нэмж дэмжих шаардлага байгаа.
-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон ажил хийж хэрэгжүүлж буй яамны нэг Кувейт улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барихаас эхлээд олон улсын олон төсөл хөтөлбөр хэрэгжихээр яригдаж байсан. Эдгээр ажлын явц ямар байгаа вэ?
-Ер нь энэ нэг жилийн хугацаанд 40 гаруй томоохон ажил хийсэн байна. Анх ажил авахад төсөл хөтөлбөрүүд нь зогссон, барилгууд нь царцаагдсан, санхүүжилт байхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа зэрэг хүндрэлтэй байлаа. Харин одоо бүх төсөл хөтөлбөр хөдөлж царцаагдсан барилгууд санхүүжилт нь шийдэгдэж зарим нь ашиглалтад орж байна. Энэ жил зургаан сумын болон аймгийн төвд дэх төрөх эмнэлэг, нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно.
Кувейт улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барих зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж улсад 3.8 тэрбумын ашигтай гэрээ хийсэн. Яагаад 3.8 тэрбум төгрөгний ашигтай гэрээ вэ гэвэл өмнөх барилга барьж байсан компануудын нэг ам метр талбайн үнийг бууруулж чадсан явдал байлаа. Цаашилбал АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт дөрвөн нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт, орон нутагт Ховдод бүсийн эмчилгээ оношилгооны төв барина. Мөн нийслэлд өрхийн 10 том эмнэлэг барина.
Том гэж хэлж байгаагийн учир нь 2-3 өрхийн эмнэлгийг нэгтгээд дунд нь өрхийн эмчилгээ тусламж үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж суурилуулсан, мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтнуудтай өрхийн эмнэлэг болох юм. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн ариутгал хадваргүйжүүлэлтийн тасгуудыг иж бүрнээр нь шинэчилж байна. Эдгээр ажил тодорхой үе шаттайгаар хийгдэж байна. БНСУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв баригдаж, ажлын явц сайн байна. Энэ төв ашиглалтад орвол Монголын ард түмэнд маш хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн цөмийн оношлуураар хавдарын тархалтыг эрт илрүүлгийг хийхээс эхлээд эсийн түвшний оношилгоонуудыг хийх юм.
Энэ төвийг 2018 оны сүүлийн хагаст ашиглалтад оруулна. Яармагын 300 ортой эмнэлэг, Геронтологийн төв зэрэг барилга эхний байдлаар хөдөлгөөнд ороод байна. Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр эрүүл мэндийн салбарын мэдээлэлийн технологийн энтерпрайз, архитектурын тогтолцоо бий болгох, Хятадын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр Цахим эрүүл мэнд төсөл гэх мэт хэд хэдэн төслийг хөдөлгөн явуулж байна. Гэхдээ ажил хийж байхад харамсмаар зөрчил дутагдлууд гарах юм.
Туслаж дэмжиж байгаа олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийг бүрэн ашиглаж чадахгүй буцаах мөнгийг нь үлдээж хураалгах зэрэг хариуцлагагүй байдал гарчих гээд байх юм. Энэ нь зарим нэг албан тушаалтны хувийн ашиг сонирхолоос болж байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулдаг цөөхөн хэдхэн олон улсын байгууллага байдаг. Тэд нарыгаа үргээчихгүй юмсан гэж их л зүтгэж байна.
-ЭМД-ийн мөнгийг эргэлтэд оруулж, хүн бүрт үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлж өгсөн нь Таны хувьд сайдаар ажилласан том гавьяа юм гэж би сэтгүүлчийн хувьд үнэлмээр байна.
Харин эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал аль ч Засгийн газрын үед хамгийн тулгамдсан эмзэг сэдвийн нэг байдаг. Энэ талаар Та юу хийж амжив аа.
-Тийм ээ. Энэ дээр би нэг зүйл хэлэхийг хүсч байна. ЭМД-ийн санд 400 гаруй тэрбум төгрөг хэвтэж байдаг байсан. Одоо эргэлтэд орсон. Хэдийгээр энэ маань төсвийг бүрдүүлдэг ч гэсэн эргэлтэд орж байх ёстой. Аливаа улс орны эрүүл мэндийн салбартаа анхаарал тавьж байгаагийн үнэлэмж нь ЭМД-ын санг хамгийн бага үлдэгдэлтэй ашиглаж буйгаар хэмжигддэг. Ирэх жил нь дахиад л хүмүүсийн төлсөн даатгалын хураамжаар сэлбэгдэж байдаг. Ийм учраас зарцуулах юманд зөв зүйтэй зарцуулах л хэрэгтэй гэж үздэг. Энэ чиглэлээр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр сэтгэл гаргаж ажилласан.
Эмч ажилчдын нийгмийн хамгаалалын асуудлаар хэд хэдэн ажил хийж байна. Энэ хугацаанд салбарынхантайгаа уулзаж явахад цалин гэхээсээ илүү шинэ тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэж хүсэх нь олонтой. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж үгүй, тэгвэл энэ үнэтэй зүйлийг маш бага үнээр манай салбарынхан гүйцэтгэдэг. Тэгсэн атал тэдэнд хүлээлгэдэг хариуцлага нь түүнээс хэд давсан байх жишээтэй. Манай эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийнхэн надад мэдэгдэл өгсөн. Би салбартаа ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд мэдэгдэл өгсөн ч эс өгсөн ч тэднийхээ цалин урамшуулалыг нэмэх гарцыг гаргах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа.
Нууцгүй хэлэхэд багш нараас ч доогуур цалин авдаг. Хууль цагдаагийн байгууллагатай зүйрлүүлээд ч хэрэггүй. Энэ тал дээр бид бодлого гаргах шаардлагатай, тийм учраас НХХЯ-тай хамтарсан ажлын хэсэг гарч эмч, ажилчдын ажлын нормчлол, хийсэн ажлын нь үр дүнтэй нь холбосон урамшуулалын системийг бий болгохоор ажиллаж байна. Сая Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрөөр Эрүүл мэндийн сайдын тэтгэлэгт хөтөлбөр гэж гаргаж 100-гаад хүнийг гурван сарын цалингаар нь шагнасан. Энэ долоо хоногт санхүүжилт нь бүрэн орно.
Манай нэг эмч надад хэлж байсан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж олно доо гэж сандарч байхад та намайг хүүхдийн минь сургалтын төлбөрөөр шагналаа гэж баярлаж байсан. Тэгэхээр манайхан ийм л байдалтай хүний төлөө 24 цаг хагалгааны ширээн дээр бүх хөлсөө дуслуулан өдөр шөнөгүй ажилладаг. Үнэхээр бид эмнэлгийн ажилтнуудын цалинг гурван сая, дөрвөн сая, таван сая болгомоор байна. Яагаад болохгүй гэж. Гэтэл бид нэг л савнаас хоолоо авч иддэг тэр савыг нь хоосон болгоод бидэнд өгсөн дөө.
Харин ч манай Засгийн газар эдийн засгийн хасах үзүүлэлтээс нэгхэн жилийн хугацаанд 5.5 хувийн өсөлтөд д хүргэсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн гурван талт хэлэлцээрт тусгасан ажлуудыг амжилттай хийж байгаа. Тухайлбал, сүръегийн эмч сувилагч нарт олгох нэмэлт урамшуулалыг 30 хувиар нэмэгдүүлж олгоод байгаа. Харин ч сайд миний санаачилгаар тэнд ажилладаг асрагч нарыг нэмж энэ урамшуулалд хамруулсан. 2018 онд төсөвт суулгах асуудлуудыг шийдвэрлээд явж байна.
“Эрүүл мэнд ээлтэй орчин хөтөлбөр” хэрэгжүүлж салбарынхаа эмч ажилчдыг В.С вирусийн халдвараас ангижруулж байна. Энэ хөтөлбөрт нийт хамрагдсан ажилчдын 6.5 хувь нь л дээрх вирусын халдвартай гарсан. Эдгээр ажилчид маань эмчилгээндээ ороод эхэлсэн. Зарим хүн улс төр хийж эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө вирус тараадаг гэж ташаа мэдээлэл хийж байгаа нь харамсалтай.
Ер нь тэгээд манай нэг нэрт нийтлэгч хэлсэн байдаг. Хэн нэгэнд хайр зарлаад цээжээ дэлдээд байвал заавал ард нь ашиг сонирхол явж байдаг гэж хэлсэн байна лээ. Үүнийг би яасан үнэн үг вэ гэж энэ албан тушаал авснаасаа хойш улам их мэдэрч байгаа шүү. Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 3-5 жилд олгодог зургаан сарын тэтгэмж, тэтгэвэрт гархад нь олгодог 36 хүртлэх сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг хэвээр нь үлдээсэн.
Эрүүл мэндийн салбарт 15 жилээс дээш тасралтгүй ажилласан хүний хүүхдийг анагаахын сургуульд ороход нь тэтгэлэг олгож байна. Өнгөрсөн жил 50 хүүхдэд олгосон энэ жил бас тийм хэмжээний хүүхдэд олгохоор төлөвлөж байна. Эрүүгийн хуулийн 15.1 дэхь заалтыг өөрчилсөн. Мөн эмч, эмнэлгийн ажилчдаа гадаад дотоодын сургалтад сургаж байгаа.
-Та хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран, гемодиализийн аппаратыг иргэдэд хүртээмжтэй болгосныг хэлж байна уу?
-Тийм. Ер нь ЭМЯ бол улсын эмнэлгүүдийн яам биш байхгүй юү. Монгол Улсын гурван сая иргэний эрүүл мэндийг хамгаалахын тулд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цогцоор нь зангидаж бодлогоо боловсруулж байдаг яам байх ёстой. Хувийн эмнэлгүүд зах зээлийнхээ жамаар явж байна. Өндөр хөгжилтэй орнуудад бараг улсын чанартай эмнэлэг байдаггүй. Хувийн эмнэлгүүдээ төр дэмжиж зөв бодлогоор хангаад явж байдаг.
Өнөөдөр иргэний ЭМД-аас орж ирж байгаа хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг улсынхтай яг адилхан болгох гэж байна. Удахгүй Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа хэлэлцэнэ. Манай ҮЗХ-ны гишүүд нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Улсын эмнэлэгт хэвтсэн хувийн эмнэлэгт хэвтсэн суурь тариф нь яг ижилхэн 300 мянган төгрөг болно. Тэгээд нөгөө оношийн бүлгийн тарифаараа үржүүлээд дүнгээр нь даатгал санхүүжүүлэх нь зөв.
Ганцхүү хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө урсгал зардал, тансаг хэрэглээнийхээ зардлыг нэмнэ. Суурь тариф нь ижилхэн учраас иргэд өөрсдөө хэвтэх эмнэлгээ сонгоно тэдний халааснаас гарах зардал багасна.
Мөн иргэнээс нэг ч төгрөг авахгүйгээр улсын эмнэлэгтэй адилхан жишгээр дүүрэг хороодын яаралтай тусламжийг зарим хувийн эмнэлгүүдээр гүйцэтгүүлсэн нь үр дүнгээ өгч байна. “Грандмед” дээр гэхэд л Хан-Уул дүүргийн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. “Номун” Ачтан” эмнэлэг бас үйлчилгээ үзүүлээд болж байна. Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлээ дэмжээд ажиллавал цөөхөн хүн амтай Монголд улсын олон эмнэлэг байх шаардлагагүй.
Байгаа том төвүүдээ төрөлжүүлж, илүү хүнд илүү төрөлжсөн технологи шаардсан үйлчилгээ үзүүлдэг болгох хэрэгтэй. Тухайлбал, УНТЭ эрхтэн шилжүүлэх суулгалтаар, Гуравдугаар эмнэлэг мэдрэл, зүрхний чиглэлээр, Эх хүүхдийн үндэсний төв амбулаторын тусламж үйлчилгээгээр гэх мэтээр төрөлжүүлээд өргөтгөлөө хийгээд явчих юм бол улсын төсөвт ч хэмнэлттэй.
Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлгийн өргөтгөл 2018 оны хагас жилээс баригдаж эхлэхээр бэлтгэл ажил эхлээд явж байна. Ер нь цаашдаа эмнэлгүүдийн санхүүжилт нь хараат бус бие даасан байж олон асуудлыг шийдэж чадна гэж харж байгаа. Иймд энэ жил туршилтаар гурван эмнэлгийг санхүүгийн хагас бие даасан тогтолцоо руу оруулж байна.
– Та энэ хугацаанд Засгийн газарт хэчнээн асуудал оруулж, хэдийг нь шийдүүлэв?
-Энэ хугацаанд дангаараа болон хамтарсан байдлаар 30 гаруй асуудал хэлэлцүүлсэн байдаг. Шийдвэрлээгүй юм уу хүлээгдэж буй асуудал байхгүй. Тухайлбал, найман хуулинд нэмэлт өөрчилөлт оруулсан үндэсний таван хөтөлбөр батлагдсан. “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх “ тухай хуулинд өөрчлөлт оруулж, согтуу иргэдийг эрүүлжүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг болгосон. Согтуу хүн болгон ирээд Эмнэлгийн хүлээн авах дээр агсам согтуу тавьдаг, эмч үйлчлүүлэгчдийг зодчихдог, нус цэрээ хаячихдаг, шээдэг баадаг асуудал байсныг бүрэн цэгцэлсэн.
Энэ хууль их эсэргүүцэлтэй тулж явсан шүү. Нялх балчир хүүхдийн хоол хүнсний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж батлуулсан. Хөхний сүүгээр хооллохыг дэмжих нь маш чухал. 2000 онд эхийн сүүгээр хооллолт 90 хувьтай байсан бол 2015 онд 47 хувь болж буурсан. Ялангуяа 0-6 сартай хүүхэд эхийн сүүгээр хооллоогүйгээс болоод арахит, халдварт өвчний дархлаажуулалтгүй болсон байсан. Хөхний сүүгээр хооллох нь багасаад ирэхээр л халдварт өвчнөөр өвчилдөг, хүүхдүүд давжаарах нь ихэссэн. Гаднаас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнүүд хөхний сүүг бүрэн орлуулдаг гэсэн ойлголтыг иргэдэд өгснөөс болоод ямар ч зохицуулалтгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж хяналтгүй импортын бүтээгдэхүүн орж ирж байсныг хяналттай болгосон.
Донорын тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын бие даасан үндэсний зөвлөл байгуулж, батлуулсан. Эрүүгийн хуулийн 15.1-д өөрчлөлт оруулж салбарынхаа эмч ажилчдын эрх ашгийг хамгаалсан. Эм, эмнэлгийн хэрэгслэлийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлэн болоод байна. Засгийн газрын Тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Дэмжих санг батлуулсан.
Засгийн газраар “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”, Эх хүүхдийн нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөр, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тандах хөтөлбөр, Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр зэрэг таван хөтөлбөр оруулж батлуулсан. Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогоо батлуулсан.
-Таныг сайдаар томилогдох гэж байхад Арьс харшлын хувийн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Танд сайдаар ажиллах, шийдвэр гаргахад нөлөөлж байв уу?
-Энэ асуудлаар намайг хэвлэлээр зөндөө бичсэн. Шалгадаг газрууд нь шалгаад болох болохгүйг нь хэлээд өгсөн болохоор тэр болгоны араас хөөцөлдөөд явах цаг зав ч алга. Тэр болгонд хариулт хэлээд байх хэрэггүй санагддаг ш дээ. Одоо ч хэвлэл чөлөөтэй болж хэн юу хийгээд хэний ашиг сонирхол хөндөгдөөд байгаа гэдгийг хүмүүс ойлгож ялгаж салгадаг болсон цаг учраас нуршуу юм ярих хэрэггүй санагдана. Хөнгөн аргаар заль мэхээр юм хийдэг тэгж ашиг олдог хүмүүс хууль бус юм хийх гээд байгаад нь миний гаргасан тушаал шийдвэрүүд таалагдахгүй байгаа биз дээ.
Саяхан ЭМД-аар ВС вирус тоолох 22 лаборатор шалгаруулахад бас миний нэрийг баахан цоллосон шүү дээ. Үүнийг манай яам шалгаруулдаггүй ХНХЯ шалгаруулдаг. Энэ шалгаруулалтад хэний ямар лаборатори орж байгаа нь надад огт хамаагүй. Хийдэг юмаа ажил үүргийнхээ дагуу хийх, мэргэжлийн хүмүүс нь үүрэг хүлээсэн яамд нь хийгээд явж байгаа. Бүх юм тусдаа. Харин дараа жил хувийн лабораторид хийхгүй болов уу. Яагаад гэвэл 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэгт вирус тоолдог аппарат авч өгч байгаа.
Энэ жил улсад байхгүй болохоор нь хувийн хэвшлүүдийг татаж оролцуулсан нь зарим хүмүүс ашиг олох гээд улайрч байгаа нь харамсалтай байлаа. Аливаа зүйлийг хуулийн нь дагуу чин шударгаар хийчих юм сан гэдэг миний үзэл бодол миний эцэг, эхийн захиас, хүмүүжил, миний хувьд том капитал гэж би боддог.
-Шинэ Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр байгуулах, “мэргэжлийн” Засгийн газраас зарим мэргэжлийн сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, залгамж бодлогоо авч үлдэх талаар иргэд хэлж байна. Та ямар бодолтой байна.
-Би сайн мэдэхгүй байна. Намын нэгдсэн шийдвэр гарах байх. Намын удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн ярьж шийдэх хэрэг.
-Танд баярлалаа. Цаашдын хийх ажилд тань амжилт хүсье.
Эх сурвалж: Д.Оюун-Эрдэнэ