Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хавирга-Архашаатын боомтоор урд хөрш рүү баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлжээ. Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү уг хэргийг үйлдсэн нь батлагдсан байна.
Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус-570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж яваад баригджээ. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг аж. Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эмийг нь 7.5 саяар тогтоожээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно. Мөн Эрүүгийн хуулийн 203.2 дугаар зүйлд “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.
1 comment
Улаан номонд орсон амьтан авлаж эд эрхтэнийг нь гадаадад гаргахыг завдсан этгээдэд хатуу арга хэмжээ авах,УИХын гишүүн ах нь төрийн түшээ хүний ёсоор хариуцлага хүлээх ёстой.