Д.ЖАВХЛАНБОЛД: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД САЙН БОЛСОН Ч ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧИН БҮРДЭЭГҮЙ
Сургалтын үеэр “Байгаль орчны салбарын хууль дээдлэх зарчмын хэрэгжилт” гэсэн сэдвээр ярилцсан Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн үндэсний зөвлөх Д.Жавхланболд “Байгаль орчинтой хамааралтай олон төрлийн хууль журам байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар байгаль орчны хууль, журмууд бүрэн хэрэгжиж байна уу гэдэг асуудалтай байна. Жишээ нь, байгаль орчны хяналт гэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яам, аймаг орон нутгийн байгаль орчны газар, Төрийн хяналтын тухай хуульд зааснаар бүгд хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг. Тэгэхээр эрх мэдлийн давхардлууд үүсчихсэн.
Тухайлбал, ашигт малтмалын тухай хуульд “Геологи хайгуулын ажлын зардлын хэмжээг ашигт малтмалын газар хянана гэж заачихсан гэхчлэн хяналтын давхардлууд эрх зүйн хүрээнд асар их үүсээд байгаа. Мөн хуульд тусгагдсан зарим заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаад байна. Эрх мэдлийн хуваарилалтын асуудал үүнд яригдана. Салбарын яамныхан хууль батлахдаа өөрсдөдөө илүү их эрх мэдэл авахаар заалтыг тусгаж өгөөд байдаг. Эсвэл салбар газар, харьяа байгууллага, орон нутгийн байгууллагууд өөрсдөд ашигтай байдлаар шийдвэрлэхийг хүсдэг.
Энэ нь нэгдсэн бодлого, хяналт, төлөвлөлтийг алдагдуулснаар хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөөд байна. “Зөрчлийн тухай” хууль нь маш өргөн цар хүрээтэй том хэмжээний хууль. Бүх хуультай уялдуулаад түүнээс гарах зөрчлийг хэрхэн шийдвэрлэж, хянан шалгахыг зохицуулсан хууль батлагдсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх институт, боловсон хүчний чадавх орон нутгийн хүрээнд байхгүй. Тиймээс дээрх боловсон хүчнийг чадваржуулахын тулд эхлээд байгаль орчин, геологи уул уурхайн салбарын улсын байцаагч нарыг сургахад чиглэн тус сургалтыг зохион байгуулж байна. Зөрчлийн тухай хууль нь эрх зүйн хувьд сайн болсон ч хэрэгжүүлэх орчин бүрдээгүй. Хууль хэрэгжилтийг хангахад засгийн газар, төрийн зүгээс хийх ажил их байна. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцдаа хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь зохицуулах, үүнээс урьдчилан сэргийлэхэд сургалтын гол зорилго чиглэгдэж байгаа” гэв.
Н.Эрдэнэцогт: ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОХ АСУУДЛЫГ АЛБАН ЁСООР ШИЙДСЭН ХУУЛЬ ОДООГ ХҮРТЭЛ НЭГ Ч БАЙХГҮЙ
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт “Манай аймгийн хувьд хууль бус алт олборлолтын асуудал нэн тэргүүнд хөндөгдөж байна. Зөрчлийн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх үйл явцад хүндрэлтэй олон асуудал байна. Зөрчлийг шийдэхийн тулд олон шат дамжлага дамжин шийддэг болсон. Өмнө нь ямар нэг зөрчил илрэхэд мэргэжлийн хяналтын байцаагч өөрсдөө дүгнэлт гаргаж шийддэг байсан бол одоо заавал хөндлөнгийн шинжээч томилон дүгнэлт гаргадаг болсон. Мөн зөрчил илрүүлэн шалгах үйл явцын хувьд ажиллагаа ихтэй болсон. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумд хууль бус олборлолт их байдаг. Мөн социалист нийгмийн үед ашиглаад орхисон газар, хууль бус олборлолтод өртсөн эвдэрсэн газрууд байгаа. Үүнийг бичил уул уурхайн хуулийн хүрээнд засгийн газрын тогтоол гараад аймгийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх журам боловсруулагдаж байгаа. Гэхдээ дээрх асуудлыг албан ёсоор шийдсэн хууль одоог хүртэл нэг ч байхгүй байна. Аймгийн хэмжээнд 3670 орчим га газар эвдэрсэн байгаа. Үүнтэй холбогдуулан засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баримтлан ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн байдлаар долоон зөрчил илэрсэн. Үүнийг зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж байна. Таван зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Жишээ нь, Ерөө суманд хууль бусаар олборлолт явуулж байсан долоон иргэний асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн” гэлээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛ ЗААЛТ ОЛОН БАЙНА
Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Д.Сүхбат “Булган аймагт гарсан зөрчил Орхон аймгаар дамжин өнгөрдөг. Булган аймгаас агнасан ан амьтан, ойн баялаг, мод хулгайлаад зөвшөөрөлгүй тээвэрлэж манай аймагт илрүүлсэн жишээ их байдаг. Мал амьтны шүлхий өвчин гарсантай холбогдуулан байнгын хяналт, шалгалт явагдаж байна. Энэ үеэр тарваганы түүхий мах, арьс, үс хууль бусаар аймгийн төврүү оруулах гэж оролдсон зөрчлүүд илэрсэн. Манай аймагт мэргэжлийн хяналтын гурван байцаагч ажиллаж байна. Хүн амын төвлөрөлтэй холбогдуулан 100 гаруй мянган хүн амтай аймгийн хэмжээнд гурван байцаагч ажиллаж байгаа учраас хууль тогтоомжийг бүрэн ханган хэрэгжүүлэх боломж учир дутагдалтай. Зөрчлийн тухай хуульд ойлгомжгүй зүйл заалтууд их байна. Нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдаж байгаа. Нөгөөтэйгүүр тухайн иргэнийг хамгаалсан хууль гэж хэлж болно. Харин илэрсэн зөрчлийг мэдээлэхийг ямар журмаар шийдвэрлэхийг нарийвчлан судалж, тодорхой болгож байж иргэдэд сурталчлахгүй бол асуудал нэлээд хурцдах жинтэй байна. Сүүлийн жилүүдэд хууль чангарсантай холбогдуулан иргэд байгалиа сүйтгэх нь тодорхой хэмжээнд багассан” гэв.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫНХАН ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛСОН
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч С.Батхүү “Дорнод аймаг буюу зүүн гурван аймгийн хэмжээнд ган гачиг болсонтой холбогдуулан баруун аймгуудаас хадлан их хэмжээгээр бэлтгэж зөвшөөрөлгүй оруулж ирж байгаа. Мөн зургаа, долоон сард дэрвэгэр жиргэрүү байгалийн ховор ургамлын болц нь гүйцээгүй байхад хадлан хадах, ургамал түүх зөрчлүүд ихээр илэрсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн мэргэжлийн хяналтын газраас арав гаруй зөрчлийг хуулиар шийдвэрлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн даваа гаригт Халх гол сумаас 2.2 тонн дэрвэгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар бэлтгэж байсан асуудлыг газар дээр нь илрүүлж, хяналт шалгалт хийн саатуулсан.
Одоогоор Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дорнод аймгийн хэмжээнд алт олборлогч 10 орчим, газрын тос нэг, нүүрс олборлогч гурав бичил хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бичил уул уурхайн журамд зааснаар гурван мянган морины хүчин чадлаас илүүгүй тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулна гэсэн байдаг. Гэвч 4500-6000 морины хүчин чадалтай тэнцэх том оврын техникээр үйл ажиллагаа явуулж олборлолт хийж зөрчил гаргадаг. Бичил уурхайг иргэн, нөхөрлөлийн журмаар эрхэлдэг. Тиймээс бичил уурхай эрхлэгчид ихэвчлэн том оврын техник технологи зөвшөөрөлгүй ашигласнаар хуулийн дагуу торгуулж, хариуцлага хүлээдэг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгж байгууллагынхан илүү хариуцлагатай болсон. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагын хувьд ноцтой зөрчил гаргасан тохиолдол одоогоор илрээгүй” хэмээв.
Эх сурвалж: