-Цагаан ордны Олон нийттэй харилцах хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан 28 настай Хоуп Хикс энэ албанд жинхэлэгдэв-
Хикс бол Трампын эртний туслах бөгөөд түүнийг АНУ-ын төрийн тэргүүн болсон цагаас хойш энэ албан тушаалд очиж буй дөрөв дэх хүн юм. Түүнээс өмнө Энтони Скарамуччи энэ албан тушаалд ердөө 10-хан хоног ажиллаж байсан. Өмнө нь Хикс Ерөнхийлөгчийн стратегийн харилцааны захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө түүний сонгуулийн штабын хэвлэлийн нарийн бичгийн даргын албыг хашдаг байв. Түүнийг Трампын хамгийн найдвартай туслагчдын нэг гэж үздэг.
Хикс Ральф Лорен зэрэг алдартай загвар зохион бүтээгчдийн моделиор ажиллаж байгаад хожим нь Иванка Трампын загварын ордны хэвлэлийн албанд очсон юм. Ингээд 2016 онд Трампын Ерөнхийлөгчийн кампанит ажилд нэгдсэн анхны хүмүүсийн тоонд орж, хэвлэлтэй холбоотой хүсэлтэд хариу өгдөг байв. Харин одоо Цагаан ордны харилцаа холбооны захирлын хүрээнд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс шиг ил биш байдлаар тус засаг захиргааны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлнэ.
Цагаан ордон дахь ВВС агентлагийн сурвалжлагч Тара Макклевейгийн бичсэнээр сэтгүүлчид Хиксийг ийм том албан тушаал хаших хэмжээний боловсрол, туршлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Гэхдээ түүнд нэг давуу тал байгаа нь Ерөнхийлөгч түүнд итгэдэг аж. Хикс Трампын ойрын хүрээлэл дотор хамгийн дотны хүмүүсийнх нь нэг болохоор түүнийг зорилгодоо хэрхэн хүрэх гэж байгааг маш сайн мэднэ. Энэ бол Трампын олон нийттэй холбох үүрэгтэй хүний хувьд чухал шинж чанар гэж ВВС-гийн сурвалжлагч дүгнэжээ.
Хиксийн өмнөх захирлууд
Өнгөрсөн долоодугаар сард Дональд Трампын захиргаанд харилцаа холбооны захирлаар томилогдсон санхүүч асан Энтони Скарамуччи хоёр хамтран ажиллагчийнхаа сурвалжлагчтай утсаар ярихдаа хараал хэлж, бүдүүлэг харьцсанаараа дуулиан шуугианд орсон билээ. Сурвалжлагч нар ч Скарамуччигийн хараалын үгсийг олон нийтэд дэлгэж орхисон байна. Дональд Трамп Скарамуччигийн үйлдэлд сэтгэл хангалуун бус байсан болохоор хэр удалгүй албан тушаалаасаа огцорчээ.
Скарамуччигээс өмнө Майкл Дабки Цагаан ордны харилцаа холбооны захирлаар гурван сарын хугацаанд ажилласан. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр томилогдсон тэрбээр сайн дураараа ажлаа өгсөн билээ. Тэгвэл Жейсон Миллер Трампыг тангараг өргөхөөс өмнө Ерөнхийлөгчийн командад олон нийттэй харилцах хэлтсийн захирлаар нь түр ажиллаж байсан юм.
Э.МӨНХЗАЯА