БНСУ Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам Монгол Улсаас дадлагжих ажилтан, ажиллах хүч авч эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хавар тус улс 8000 монгол залуугаас солонгос хэлний шалгалт авч, ажиллах хүч илгээх нөөц мэдээллийн сандаа бүртгэнэ гэв. БНСУ-ын тал солонгос хэлэнд сайн иргэд бүртгүүлбэл сайн байна гэсэн шаардлага тавьсан байгаа. Шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Тиймээс ойрын өдрүүдэд Солонгост дадлагажих ажилтан бүртгэж байгаа цэгүүд шиг хөл хөдөлгөөнтэй газар ховор өнжив.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг энэ шалгалтанд залуус 60 мянган төгрөг төлөх бол 8000 иргэн нийтдээ 470 гаруй сая төгрөгийг шалгалтанд царцуулж байгаа. Гэсэн ч тус улсын тал бүртгэлд хамрагдсан хүмүүсийн шалгалтын дүнг харж, хамгийн өндөр оноотой 1500 хүнд ажлын байрны санал илгээх юм байна.
Энэ удаа шалгалтанд бүртгүүлсэн иргэдээс цагдаагийн тодорхойлолт шаардахгүй байгаа аж. Гэвч мэдээллээ худал өгсөнөөс үүсэх зардал, хохирлыг тухайн иргэн өөрөө хариуцах бол насны хувьд 1977-1999 оны төрсөн иргэдийг бүртгэнэ. Мөн ял эсвэл түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбоогүй байх, БНСУ-ыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх гэсэн шаардлагууд тавигдаж байгаа юм байна. Ид ажиллах насны, ихийг хийж бүтээх насны залуус харийн нутаг руу явахаар сэтгэл шулууджээ.