Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нийт ажилтнуудын хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдлийн зам” уралдааныг зохион байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шагнал гардууллаа. Уг уралдаан нь 5-8 насны хүүхдүүдийн дунд Зураг, 9-13 насны хүүхдүүдийн дунд Чөлөөт уран бүтээл, 14-16 насны хүүхдүүдийн дунд Шүлэг гэсэн төрлөөр явагдсан юм. Зургийн төрөлд 1-р байрыг Б.Содномваанчиг, 2-р байрыг П.Бямбажаргал, 3-р байрыг Э.Мишээл, тусгай байрыг Н.Анударь, Шүлгийн төрөлд 1-р байрыг Б.Ундрахбаяр, 2-р байрыг М.Дашзэвэг, 3-р байрыг Б.Анун, Чөлөөт уран бүтээлийн төрөлд 1-р байрыг Б.Ирмүүн, 2-р байрыг Ч.Содномжамц, 3-р байрыг Г.Алтангэрэл, тусгай байрыг М.Анударь нар эзлэсэн юм. Хүүхдүүдийн зураг, бүтээлүүдээс харахад аав ээжийнхээ ажлыг сайтар ойлгодог төдийгүй гарцаар гарч, хүний хөдөлмөрийг хүндэлж байхыг өгүүлсэн байна.
Түүнчлэн ундааны бөглөө, соруул, пиццаны хайрцаг, зайрмагны мод, ариун цэврийн цаасны доторх гэх мэт бүх төрлийн хаягдлуудыг ашиглан сэдвийн агуулагт тохируулж чөлөөт уран бүтээл хийсэн нь сонирхол татахуйц, сайхан бүтээл болсон байлаа. Ийнхүү анхны жилээ зохион байгуулагдсан “Миний мөрөөдлийн зам” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.