Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.
Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй юм. Өргөтгөл, шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гээд нийт 4 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.