Саудын Арабын ЭСЯ 1999 онд иргэний нисэх онгоцыг булаан эзлэх бэлтгэл сургуулилтын зардлыг даасан, энэ сургуулилтыг АНУ-ын объектууд руу халдахад цаашид ашиглахаар төлөвлөж байсан гэнэ. Энэ тухай Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхэд гаргасан, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон 1400 орчим хохирогчтой хэргийн хамтарсан гомдолд өгүүлжээ.
“Холбооны мөрдөх товчооны баримтаас эш татан энэхүү гомдолд баталснаар 1999 оны арваннэгдүгээр сард Саудын хоёр иргэн болох Мохаммед аль-Кудхаейн, Хамдан аль-Шалави нар “America West” нислэгийн компанийн Аризона мужийн Финиксээс Вашингтон руу нисэх чиглэлийн хоёр тасалбар худалдан авч, нислэгийн үеэр хэд хэдэн удаа нисгэгчийн кабин руу орохыг оролдсон. Тэд өөрсдийгөө илчлэлгүйгээр АНУ-ын дотоод нислэгийн аюулгүй байдлын системийг шалгах даалгавар авсан байсан” хэмээн “New York Post”сонинд мэдээлжээ.
Өргөдөл гаргагчид АНУ-д оюутны шугамаар амьдарч байсан энэ хоёр хүнийг үнэндээ Саудын Арабын тагнуулын сүлжээний багт багтсан гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна тэд Афганистан дахь алан хядагчдын хориотой лагерьт есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг гүйцэтгэгчидтэй хамт сургуулилт хийж, Аризонад байхдаа нэгэнтэй нь холбоотой байж, Осама бин Ладены итгэмжит хүн, өдгөө Гуантанамо дахь АНУ-ын тусгай хориход байгаа этгээдтэй хэлхээтэй ажилладаг байсан гэж баталж байна.
Гомдол гаргагчдын өмгөөлөгч Шон Картер “Бид “Аль-Кайда” бүлэглэл болон Саудын Арабын Засгийн газар дахь шашны элементүүд хоорондоо удаан хугацааны, нягт холбоотой ажиллаж байсан гэж эртнээс үзсээр ирсэн. Бид ийм дүгнэлт бүхий нэмэлт баримт, нотолгоог гаргаж өгсөн” хэмээн мэдэгджээ. Алан хядах ажиллагааны энэхүү сургуулилтыг Вашингтон дахь Саудын Арабын дипломатчид санхүүжүүлсэн гэдэгт ч тэрбээр итгэлтэй байна.
Өнгөрсөн оны намар АНУ-ын Конгресс тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хоригийг дийлж, 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны хохирогчдын ар гэрийнхэнд Саудын Арабын эсрэг гомдол гаргах зөвшөөрөл олгох хуулийн төслийг дэмжсэн билээ. Үүнээс өмнө АНУ-д Саудын Араб улс “Аль-Кайда”-гийн үйл ажиллагааг анзаараагүй мэт өнгөрөөсөн, тэр ч бүү хэл энэхүү бүлэглэлтэй холбоотой байж мэднэ гэсэн таамаглал нэлээд гарч байсан юм. Тиймээс 16 жилийн өмнө болсон энэхүү алан хядах ажиллагааны хариуцлагын зарим хэсгийг Саудын Араб улс үүрэх ёстой гэж тэд үзжээ.