Жил бүрийн есдүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн дурсдаг билээ. Энэ онд Монгол Улсад лам хувраг, эрдэмтэн сэхээтэн, ард иргэдээ улс төрийн хилс хэргээр хоморголон хэлмэгдүүлсний 80 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтарч лам хуврагуудыг олноор цаазлан хороосон газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоонд өчигдөр (2017.09.09) хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Hэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, хойч үеийнхэнд эргэн сануулах, болж өнгөрсөн түүхэн гашуун сургамжийг иргэдэд таниулан сурталчлах зорилготой үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав, “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн Б.Ариунбуян, Сонгинохайрхан дүүргийн ИТХТ-ийн дарга Мөнхцэцэг, Японы эрдэмтэн Акира Оно нарын зэрэг албаны хүмүүс, жүжигчид, уран бүтээлчид, лам хувраг, сурагч хүүхдүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.