-Цэцгийн дэлгүүрээс хийсэн гэрэл зургийн сурвалжлага –
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор уэцгийн дэлгүүрүүд өнөөдрөөс хөл хөдөлгөөнд дарагджээ. “Цэцэг” төв, Төрийн ордны арын “Флора” дэлгүүр болон УИД-ийн цэцгийн тасаг үйлчлүүлэгчээр тасрахгүй байна. Ээждээ, гэргийдээ, найз бүсгүйдээ, ажлын хамт олон, ангийн охиддоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, баглаа цэцэг бэлэглэх гэсэн эрчүүд бүгд энэ дэлгүүрийг зорьж байна.
Өнөөдөр бол цэцэг худалдаалагчдын хувьд их хэмжээний цэцэг арилжаалж амждаг, жилдээ ганц тохиодог худалдааны оргил өдөр нь. Энэ өдөр тэд ердийн өдрөөс 10 дахин илүү цэцэг борлуулж амждаг аж. Энэ жилийн Мартын 8-нд хүмүүс Алтанзул цэцгийг түлхүү худалдан авч байгаа гэж цэцгийн дэлгүүрийн борлуулагчид ярьж байв.
Улаан дэлбээтэй, анхилуун зөөлөн үнэртэй энэхүү ховор чамин цэцэгтэй Швейцарийн ботаникч Конрад Жеснэр гэдэг хүн анх 1559 онд Альпийн нуруунд тааралдаж, tulipa turcarum буюу товчоор tulip (Алтан зул) гэж нэрлэсэн гэдэг. Удалгүй Европ даяар тархаж, дээд зиндааныхны бэлгэ тэмдэг хэмээгдэх болсон энэ цэцгийг хүмүүс энэ жил ээждээ бэлэглэнэ гэж сонгон авч байгаа гэнэ.
Мөн хүндэтгэлийн лили, эрүүл энх урт удаан наслахын билэгдэл цагаан сарнай, тансаг цэцэгсийн нэрсээс хэзээ ч хасагдаж үзээгүй гал улаан сарнай энэ өдрүүдэд эрэлттэй хэвээр байна. Ингээд цэцэгсийн бэлэгдлийн талаар цөөн мөр үлдээе.
Сарнай цэцэг хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийг илэрхийлэл болдог аж. Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг. Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг. Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ. Канног дотно хүндээ бэлэглэдэг байна. Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.
Өнгөний хувьд
Улаан – Хайр сэтгэлийн
Ягаан – Залуу насны
Шар – Түр зуурын салалт, сүй тавих
Ногоон – Эв найрамдлын
Нил ягаан – Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн
Цэнхэр – Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг. Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг байна.