Өнөө өглөө (2017.09.07) жүдо бөхийн шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тэднийг Чингис хаан нисэх онгоцны буудалд ар гэрийнхэн, хамт олны хамт хэвлэл мэдээллийнхэн угтан авч, халуун баяр хүргэв.
Өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 3-нд болж өндөрлөсөн тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль болон шагналт 5, 7 дугаар байр тус бүр нэгийг хүртсэн билээ. Энэхүү амжилтаараа дэлхийн 123 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилтын эзэд боллоо.
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Дэлхийн аваргын алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадмын мөнгө болон ДАШТ-ий хүрэл медальтайгаа хослуулсан Д.Сумъяа, Дэлхийн аваргын алтан медалиа ДАШТ-ий мөнгөтэй хослуулсан М.Уранцэцэг /48 кг/, олимпийн алт, мөнгөн медалиа ДАШТ-ий хамгийн хүнд жин /+100 кг/-гийн хүрэл медалиар хослуулж чадсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Дэлхийн аваргын алтан медалиа ДАШТ-ий хүрэл медалиар ихэрлүүлсэн Г.Болдбаатар /60 кг/, анх удаагаа ДАШТ-ий хүрэл медалийн эзэд болсон Г.Одбаяр /73 кг/, Б.Мөнгөнчимэг /63/ кг тэргүүтэй шилдэг жүдочдодоо хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм.