Украин улсын Засгийн газрын өр, төлбөр 2017 оны долоодугаар сарын 31-ний байдлаар 1.05 тэрбум ам.доллар буюу 1.39 хувиар нэмэгдэж, 76.06 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай тус улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газрын болон төрөөс баталгаажуулсан өр төлбөр өмнөх сарын 1,957 их наяд гривентэй харьцуулахад 1,971 их наяд гривен болсон байна. Энэ мөнгөн дүн ам.долларын хувьд нэмэгдсэн нь гривений албан ёсны ханштай холбоотой аж.
Украины Ерөнхий сайд Владимир Гройсмон энэ сарын 5-нд мэдэгдэхдээ тус улс жил бүр гадаад өрийн үйлчилгээнд 100 гаруй тэрбум гривен буюу 3.8 тэрбум ам.доллар зарцуулж байна гэсэн юм. Энэ нь тус улсын ДНБ-ий дөрвөн хувь гэсэн үг. Харин тус улсын Үндэсний банкны орлогч тэргүүн Олег Чурий Киевийг 2019 оны эцэс хүртэл 12,8 тэрбум ам.долларын гадаад өрөө барагдуулж дуусах ёстой гэжээ.
Өнөөдрийн байдлаар тус улсын иргэн бүрт Засгийн газрын өрөөс 1760 ам.доллар ногдож байна. Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар хүнд цаг үе өмнө нь хүлээж байгаа гэнэ. Засгийн газрын өр төлбөрийн түвшин ДНБ-ий 80 хувьд хүрсэн энэ цаг үе цаашид үргэлжилбэл 2019 он гэхэд тус улс дампуурлаа зарлана гэж “Concorde Capital” судалгаа шинжилгээний албаны захирал Александр Паращий мэдэгдэж байна. Тус улс ОУВС, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, АНУ зэрэг газруудад өртэй юм.