Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна.
Улсын хэмжээнд 437 000 гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Стандартын шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн камерын хяналтын тусламжтайгаар илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг.
Мөн Замын цагдаагийн алба хаагч замд хяналт шалгалт хийгээд үзлэгт ороогүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байгаа бөгөөд Хугацаандаа үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл цөөнгүй байна.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутгийн тээврийн хяналтын үзлэгийн төвүүд тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утасдаж холбогдон, хугацаа хэтэрсэн талаар сануулан зөвлөх үйлчилгээ хийж байгаа аж.
Иймд жолооч та бүхэн болох www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэйшнээс үзлэгийн хугацаа хэтэрсэн эсэхээ шалгаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулж замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөлөө.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn