[starbox]
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад ирсэн хууль бус цагаачдын 750 мянга гаруй хүүхдийг хүчээр улсаасаа албадан гаргахыг хойшлуулсан хөтөлбөрийг цуцалжээ. “Цагаач хүүхдүүдэд авах зайлшгүй арга хэмжээ” буюу DACA хэмээх товчилдог уг хөтөлбөрийг таван жилийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама гаргаж байсан билээ. Харин уг хөтөлбөрийг цуцлах тухай Трамп сонгуулийн аяны үеэрээ амлаж байсан.
Цагаан ордноос энэхүү хөтөлбөрийг цуцалж буй тухай шийдвэрийг АНУ-ын Ерөнхий прокурор, Хууль зүйн яамны тэргүүн Жефф Сешнс Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “Цагаачлалын хуулийг тойрсон тодорхойгүй урт практикийн асуудлыг хөндөж байна. Бид энд ирэхийг хүссэн хүн болгоныг хүлээн авч чадахгүй ээ” хэмээн хэлжээ.
Улс төрийн хулчгар зан
Энэхүү схем нь хууль бус цагаачид, ялангуяа Латин Америкийн орнуудаас ирсэн, 16 хүртэлх насны хүүхдүүдийг улсаасаа албадан гаргах ажиллагааг хойшлуулахад тус дөхөм болж байв. Үүнийг зөвшөөрсөн нөхцөлд хүүхдүүдэд албадан гаргах ажиллагааг хойшлуулж буй тухай бичиг гарган өгч, түүнчлэн сунгах боломжтойгоор хоёр жилийн хугацаанд ажил эрхлэхийг зөвшөөрдөг байлаа.2016 оны байдлаар тус хөтөлбөрт 750 мянга орчим хүн хамрагдсан байна. Тэдний тал хувь нь Калифорни, Техас мужуудад амьдардаг байлаа. АНУ-д тэднийг “мөрөөдөгчид” хэмээн нэрлэдэг.
Ерөнхийлөгч Трамп хуулиа нэг бүрчлэн биелүүлэхийн тулд DACA-г цуцлах шаардлагатай хэмээн тайлбарласан байна. Тэрбээр “Надад эцэг эхийнхээ үйлдлийн төлөө хүүхдүүдийг шийтгэх нь таалагдахгүй байна. Тэгээд тэдний олонх нь нас биед хүрчээ. Гэхдээ бид бас манайх боломж бололцооны орон, яагаад гэвэл бид хэрэгжүүлдэг хуультай газар гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн мэдэгджээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Мексикийн Засгийн газар хөтөлбөрийг цуцалсанд гүнээ харамсаж байгаагаа тэмдэглээд DACA-г хааснаас болжөртсөн иргэдээ хамгаалахын тулд консулын ажлаа идэвхжүүлсэн байна. Конгрессийн төлөөлөгчийн танхим дахь ардчилагчдын удирдагч Нэнси Пелоси схемийг хаах тухай шийдвэрийг “улс төрийн хулчгар байдлын хатуу нотолгоо” хэмээн нэрлэжээ.
DACA гэж юу вэ?
Уг хөтөлбөр нь АНУ-д суугаа залуу, хууль бус цагаачдыг албадан гаргахаас хамгаалдаг бөгөөд тэдэнд түр ажиллаж, сурах эрх олгодог аж. Энэ хөтөлбөрт оролцохын тулд 30 хүртэл насны мэдүүлэгч АНУ-ын Дотоод аюулгүй байдлын департаментад хувийн мэдээллээ гаргаж өгдөг. Түүнчлэн тэд Холбооны мөрдөх товчооны шалгалтаар орж, ял эдэлж байсан, сурдаг, саяхан төгссөн, эсвэл цэргийн албанаас хөөгдсөн гэсэн нотолгоо байхгүй тухай лавлагаа олж авдаг. Үүний хариуд АНУ-ын Засгийн газраас тэдэнд хоёр жилийн хугацаатай цагаачлалын статусын ямар ч үйл ажиллагааг хойшлуулах зөвшөөрөл гаргадаг байна.
Схемийг цуцалсныг Хууль зүйн яам нь хэрхэн тайлбарлав?
Сешнс Обамагийн энэхүү бодлогыг ёжлон хүлээн авдаг байв. Тийм ч учраас “Цагаачлалын хуулиа илт тойрсон ийм зүйл нь гүйцэтгэх засаглалын үйлдэл Үндсэн хуульд нийцэхгүй байгааг харуулж байна. Нэг талаас өршөөл үзүүлэхийн үр дагавар нь өмнөд хил дээр насанд хүрээгүйчүүдийн тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн аюултай үр дагавар үүсгэнэ. Үүнээс гална хэдэн зууны мянган америк иргэнийг ажлын байргүй болгож, хууль бус гадны иргэд энэ ажлын байруудыг эзэлнэ. АНУ жил болгон хүлээн зөвшөөрдөг цагаачдын тоогоо хязгаарлах шаардлагатай. Бид энд ирэхийг хүссэн болгоныг хүлээн авч чадахгүй” гэжээ.
Хөтөлбөрт аль хэдийнэ хамрагдсан хүн яах вэ?
Шинэ мэдэгдлийг хийсэн есдүгээр сарын 5-наас эхлэн хөтөлбөрт хамрагдах хүсэлт хүлээн авахгүй гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Элейн Дюк мэдэгдлээ. Гэхдээ тус улсад энэхүү схемийг үндэслэн аж төрж байгаа нэг ч хүн зургаан сарын турш ямар ч санаа зоволтгүй байж болох аж. Хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлэх зөвшөөрөл авсан хүмүүс хугацаагаа дуустал ажиллаж болох бол удахгүй хугацаа нь дуусах гэж байгаа хүмүүс аравдугаар сарын 1-нээс өмнө дахин хоёр жилээр сунгуулах боломжтой.
Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио энэ мэдээллийн дараа хүүхэд байхдаа DACA хөтөлбөрөөр АНУ-д ирсэн хууль бус цагаач хотын иргэдээ хамгаална гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Би Ерөнхийлөгч Трампад Нью-Йоркийн хүүхдүүдтэй битгий холбогд гэсэн уриалга гаргана” хэмээн мэдэгджээ. Харин DACA-г дэмжигчдийг төлөөлж, Нэнси Пелоси “Трамп залуу мөрөөдөгчдөд, Америк мөрөөдлийг үнэлдэг бүхэнд хүчтэй цохилт үзүүллээ” гээд конгресс дэх бүгд найрамдахчуудыг DACA-г хамгаалахын тулд ардчилагчидтай нэгдэхийг уриалсан байна.