Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр/2017.03.07/ болсон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, судалгаа хийж буй юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан төлөөллөөс өгсөн мэдээллээр тус ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дүгнэлт боловсруулж, түүнийгээ УИХ-д оруулахаар ажиллаж байна. УИХ энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хэлэлцэх төлөвтэй аж. Ингэхдээ иргэдийн дунд “Үндсэн хуулийн өөрчлөлт ийм асуудлын хүрээнд явах нь” гэдгийг зөвлөлдөх санал асуулга явуулна. Улмаар иргэдийн саналыг нэгтгэн УИХ-ын төвшинд тогтоолын төсөл боловсруулж, батална. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцүүлэн ард түмний дунд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу” гэдэг санал асуулгыг явуулах чиглэлтэй байгаа аж.
Онцлоход, Засгийн газраас байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг, иргэн Д.Ламжав, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, “Легимитус” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор А.Эрдэнэцогт нар ажиллаж байна.
Эх сурвалж: Г.Дарь