Хойд Солонгос өнгөрсөн ням гаригт (2017.09.03) зургаа дахь цөмийн туршилтаа явуулсантай холбоотой БНСУ-д өчигдөр (2017.09.05) 5.7 баллын хиймэл газар хөдлөлт мэдрэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид иргэддээ цөмийн дэлбэрэлт болох үед дор хаяж газар доор хоёр долоо хоног нуугдаж, хоол хүнсээ хангалттай бэлтгэх зөвлөмж гаргасан байна.
Үүнд:
- Цөмийн довтолгоо болбол хамгийн түрүүнд маш яаралтай метроны буудал, тунель, байрны хонгил, агуй зэрэг аль болох доошоо газрууд руу зугтаж орох хэрэгтэй. Хэрвээ ойр орчинд тийм газар байхгүй бол ус сувгийн хоолой, суваг шуудуу эсвэл хөндий зэрэг ойролцоо байгаа газар руу яаралтай зугтаж очих шаардлагатай.
- Цөмийн бөмбөг дэлбэрэхэд маш их хэмжээний энергийг ялгаруулах бөгөөд тэрхүү халуун нь цацраг идэвхжилээр 30 хувь, шуургаар 55 хувь, цацрагт туяагаар 15 хувь тус тус дамжин гарах тул үүнээс сэргийлэх арга нь газар доорх байгууламжид орж нуугдах л арга байгаа юм. Иргэд та бүхэн гар утасны Play store-оос ‘안전디딤돌’ хэмээх аппликейшныг татан авч суулгаад ойр хавьд чинь зугтан орж болох ямар газар байгааг урьдчилан мэдэж авч болох юм байна.
- Агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх түгшүүрийн дохио хангинахад 5 минутын дотор хамгийн ойрхон газар доорх метроны буудал, газар доорх машины зогсоол, байрны хонгил зэрэг газарлуу орох хэрэгтэй. Хэрвээ энэ хугацаанд дээрх газар луу орж амжихгүй бол гэртээ байсан нь арай аюулгүй.
- Пуужингаар харвах тохиолдолд энгийн пуужингаар харваж байна уу цөмийн пуужингаар харваж байна уу гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй тул аль болох газар доорх байгууламж руу зугтаж орох нь зүйтэй.
- Цөмийн бөмбөг дэлбэрвэл доошоо тонгойн сууж, амаа ангайгаад, нүд болон чихээ гараараа таглан сууна. Бөмбөг дэлбэрсний дараа цацрагийн туяа болон цацраг идэвхт бодисоос сэргийлэхийн тулд бетонон барилга юм уу газар доорх хонгил, метроны буудлын гүн руу юуны түрүүнд орох хэрэгтэй. Агаарын довтолгоо зогсож чимээгүй болох үед радио нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж Засгийн газраас өгөх чиглэл, зааварчилгааны дагуу хөдөлнө. Болж өгвөл хөршүүд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь айдсыг багасгах аргын нэг юм.
- Цөмийн довтолгооны дараа цацраг туяа, цацрагийн бодисоос дайжих нь маш чухал асуудал юм. Аюулгүй байранд очсоны дараа Засгийн газрын ‘Цацраг бодис дуусгавар болох тухай нэвтрүүлэг’-ийг хүлээх хэрэгтэй. Цацраг идэвхт бодисын хор маш алгуур арилдаг. Цөмийн зэвсэг дэлбэрснээс хойш долоон цаг өнгөрсний дараа 1/10, 7×7 цаг буюу 49 цаг (2 өдөр орчим) өнгөрсний дараа 1/100, 7x7x7 буюу 343 цаг (2 долоо хоног орчим) өнгөрсний дараа 1/1000 хувь нь л саарч алга болно. Иймээс зугтан орох оромжид дор хаяж хоёр долоо хоногийн турш идэж уух хүнсийг бэлдэж байрлуулах шаардлагатай гэсэн байна.