УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхлээд удаагүй байхад МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцсэний дараа У.Хүрэлсүхийн асуудал хөндөгдөж, Шадар сайдыг тагнасан чагнасан асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх ёстой. Үүний дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж үзсэн МАН-ын бүлэг завсарлага авчээ. Өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо хуралдана. Одоогоор хурлын тов гараагүй байна.
Наймдугаар сарын 11-нд Шадар сайд У.Хүрэлсүхийг хоёр сарын турш цагдан мөрдсөн хэмээн мэдэгдээд байгаа гэрч гэх Ч.Батболд болон Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ болон О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарыг Нийслэлийн Прокурорын газрын саналын дагуу цагдан хорьж шалгах шийдвэрийг Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүх гаргасан.
Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.
Шүүхийн байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу сэжигтнийг баривчлах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолыг прокуророос танилцаж, үндэслэлтэй гэж үзвэл сэжигтнийг баривчлах шийдвэр гаргадаг. Засгийн газрыг огцруулах ажиллагааны далд эзэн гэгдэж буй У.Хүрэлсүхийн энэ дуулиан шуугианы асуудлаа УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь сонин байна.
Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй УИХ-ын энэ дэд хороог УИХ-ын гишүүн Сү.Батболд даргалдаг.
Сү.Батболд Засгийн газрыг огцруулах санал гаргасан 30 гишүүний нэг. Нэг хэсэг шуугиан тарьж байсан Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдахыг завдсан гэх дуулиант мэдээлэл УИХ-ын чуулганыг завсарлуулах шалтгаан болж байгаа нь Шадар сайд өөрийнхөө танхимыг өөрийн гараар нурааж, өөрөө намын дарга бөгөөд Ерөнхий сайд болох гэнэ гэсэн таамаглалыг улам бүр баталгаажуулав.
Д.ХАЛИУН