Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-нд оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт шинж тэмдэг илэрсэн тул Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээний хариугаар 7 дугаар сарын 27-ны өдрийн 17-1522 дугаар шүлхий болох нь тогтоогдсон.
Дүүргийн Засаг даргын 07 дугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсээс нийт 22 албан хаагч, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн задгай хаягт байрлах иргэн Ц-ын1 үхэрт шинж тэмдэг илэрсний дагуу УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
Дүүргийн засаг даргын 2017.08.26-ны өдрийн А/268 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тус голомтын бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж эх сурвалж мэдээлж байна. Дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, Нийслэлийн Зооноз судлалын төвийн нийт 71 албан хаагч, 17 автомашинтайгаар голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ